Улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ хугацаанд ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг 2 дахин нэмэгдүүлнэ гэх мэдээллийг Засгийн газраас өгч байсан ч Эрүүл мэндийн яамнаас вакцинжуулалтыг зогсоосон талаар мэдээлсэн.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Вакцины тээвэрлэлт хойшилсон. Энэ сарын 9-нд 300.000, 2021.04.12-нд 300.000 тун вакцин ирэх байсан боловч хойшилсон. Энэ сарын 10-наас вакцины хоёр дахь тунг хийлгэх хүмүүс байсан. Вакцин орж ирэхдээ сав баглаан дотроо заавар, зөвлөмжтэй байдаг. Хятадын Синофрам үйлдвэрийн вакцины зөвлөмжийг гаргахдаа 28 хоногийн хугацаанд хоёр дахь тунг хийх зөвлөмжийг өгсөн. Бид нараас шалтгаалаагүйгээр вакцины үйлдвэрлэл хязгаарлагдсан, хомсдсон. Монгол Улс бол вакцин үйлдвэрлэгч орон биш. Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцины тээвэрлэлт хойшилж байгаатай холбоотойгоор Хятадын Синофрам вакцины талаарх мэдээллийг авсан.
Элчин сайдын яамаар дамжуулан Хятадын өвчний хянан сэргийлэхээс авсан мэдээллээр Синофрам вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дараа хийхэд ямар нэгэн дархлалын тогтолцоон дээр өөрчлөлт гарахгүй гэсэн мэдээллийг өгсөн” гэлээ.
Мөн тэрбээр “Нөхцөл байдал хүндэрч, нас баралтын тоо огцом өссөн. 2021.03.25-наас хойш 15 хүн нас барлаа. Эрүүл мэндийн яам цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах гол үүрэгтэй. Иймээс хөл хорио тавих саналыг тавьсан. Гамшгийг эрсдэл багатай даван туулах арга нь хатуу хөл хорио. Хэрэв вакцин төлөвлөгөөний дагуу хугацаандаа орж ирвэл энэ сарын 25-наас вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. Ингэснээр ирэх сарын 1-н гэхэд төлөвлөгөөний дагуу 1 сая иргэнээ вакцинжуулна* гэлээ.