УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амиа алдсан хэргийг хаах саналыг хуулийн байгууллагаас гаргасантай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд С.Одонтуяа “УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны Баасан гаригт Төрийн ордон дотор цаг бусаар амиа алдсан эмгэнэлт хэрэг явдлаас хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг маш нууцын зэрэглэлтэйгээр “бусдын гарт амиа алдсан” гэх үндэслэлээр гүнзгийрүүлэн шалгахаар болсон. Гэтэл саяхнаас ажлын хэсэг “Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн, амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар “хэргийг хаах санал”-аа Нийслэлийн прокурорт гаргасан гэсэн мэдээ гарах боллоо.
Талийгаачийн гар утсан дээрх мэдээллийг устгасан. Тадийгаачийг MRI хийлгэж, шинжилгээнд оруулаач гэсэн гомдол гаргасны хүлээж аваагүй гэж мэдээлэл хийсэн өмгөөлөгчийг мөрдөн байцаалтын нууц задруулсан гэсэн үндэслэлээр ял сонсгосон байдаг. Иймээс энэ хэргийг нийт ил болгооч, ингэж учир битүүлгээр хандаач гэсэн асуудлыг хариуцлагатайгаар тавьж байна.
Тусгай хамгаалалттай Төрийн ордонд болсон хэргийг илрүүлж чадахгүй байгаа нь хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байна. Тиймээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг шиг сонгууль бүрийн өмнө шоу хийж, янз бүрийн асуудал гаргаж ирж тавих биш, өнөөдөр энэ хэргийг нэг тийш нь мухарлаж, эзэн холбогдогчийг тогтоох нь зүйтэй” гэлээ.
Мөн энэ хэргийг тойрсон учир битүүлэг зүйлс олон байгаа бөгөөд одоогоор хууль хяналтынхан иргэдийн эргэлзээг тайлсан нэг ч тайлбар, нотолгоог гаргаагүй байгаа юм. Цагдаагийн хурандаа Б-ийн хүү Г гэх этгээд талийгаачийн нас барсан үетэй холбоотой 13 секундийн бичлэг байгаа гэж ар гэрийнхэнд мэдээлж байсан. Гэтэл удалгүй залилангийн хэргээр ял авсан. Г.Батхүү агсны гэрийнхэнд 13 секундын бичлэг өгсөн залуу учир битүүлгээр амиа алдсан” гэдэг мэдээлэл гарсан. Одоогоор үүнийг үгүйсгэсэн эсвэл нотлосон мэдээлэл алга байна. Үүнийг тодорхой болгох ёстой гэв.
Б.Пүрэвдорж: “МАН засаг барьж байх үед Төрийн ордонд хүн амины ноцтой хэрэг гарсан. Энэ бол хүн амины хэрэг гэж бид үздэг. Учир нь хүзүүнд нь боолтны ором гарсан, хөхрөлттэй байсан. Ар гэрийнх нь зөвшөөрөөгүй байхад, мөн хэд хэдэн нотлох баримтыг баталгаажуулахгүйгээр хэргийг хаана гэдэг нь тодорхой албан тушаалтнуудын гар хөл орсон байж болзошгүй гэж үзэж байгаа” гэлээ.
Мөн АН-ын бүлгийн зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад асуулга хүргүүлэхээр болжээ. Мөн энэ хэрэг дээр УИХ дахь АН өөрсдөө ажиллаж, хэргийн мөрөөр орно гэдгээ мэдэгдлээ.