Ц.ЦЭРЭНДОЛГОР
Тусламж хэрэгтэй хүүхдэд халуун сэтгэлээр хандаж тусалж бололгүй яахав. Гэхдээ үүнээс өмнө заавал бодож, тунгааж, мэдэх ёстой ойлголт бий. Тусалж байна гээд хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, анги зэрэг хувийн мэдээллийг гарган, нийгмийн сүлжээнд цацаж, гаргах ёсгүй л гэсэн үг.
Монголчууд цөөхүүлээ. Хэн нэгний тухай хар бараан түүхийг олоод л мэдчихдэг. “Наад Болдоо, Цэцгээ чинь багадаа…”, “Энэ чинь нөгөө хэн шүү дээ, интернэтээр мэдээг нь харсан уу” гэж ам дамжин шивнэлддэг шүү дээ. Сэтгэл зүйн ийм дарамт насаараа албан бусаар яллуулж байгаагаас өөрцгүй хатуурхал байгаа биз.
Өмнө нь зарим сонингийн хуудас дээр шарлаад өнгөрдөг байсан энэ төрлийн мэдээлэл өнөөдөр сошиал буюу нийгмийн сүлжээний талбарт хүчээ авчээ. Нэг талаас хүүхдийн эрхийг хамгаалахад иргэний үүрэг оролцоо сайжирч байгаа ч болгоомжгүй үйлдлээсээ болж бусдын амьдралд нь “хар тамга” дарж байна.
Үр дагавар нь юу вэ гэж үү, бусдын арай гэж аньж ядаж байгаа сэтгэл зүйн шархыг сэдрээдэг, цаашлаад бусдын амь насаа алдах шалтгаан ч болдог гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Энэ нь хүчирхийллийг бүү мэдэгд гэж байгаа юм биш, харин зохих байгууллагад хандаж мэдээлэх ёстой гэсэн үг. 2020 онд хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага дээр тулгуурлан ярихад хүүхдийн хүчирхийллийн дуудлага 2700 орчим иржээ.
Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдаас тодрууллаа.
БИД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДАЛ ДЭЭР УРИАЛГА ГАРГАЖ БАЙНА
/Нийслэлийн ГБХЗХГ-ын дарга Ө.Ган-Өлзий/

Хэвлэл мэдээллийн байгууллага, жирийн иргэд л хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлээд байгаа юм биш. Ард нь хүүхдийн байгууллага ажиллаж, үүнээс хэд дахин тохиолдлыг илрүүлдэг. Өнгөрсөн онд гэхэд 1326 хүүхдийг хамгаалалтад авсан. Гэхдээ бид эдгээр тохиолдлыг зарладаггүй. Энэ бол хүний амьдралын маш эмзэг асуудал, 20-30 түүнээс олон жилийн дараа ч нууцаараа л байх ёстой. Жишээ нь олон жилийн өмнө хүчирхийлэлд өртсөн бүсгүй өөр аймагт амьдралаа зохиож, сайхан амьдарч байсан ч өмнөх түүхийг хэвлэлээр сөхсөнөөс болоод амиа хорлох дээрээ тулсан жишээ бий. Хэргийн тохиолдол руу хэтэрхий орж нэр ус, зургийг нь гаргах нь хүүхдийн ирээдүйн амьдралд ямар хар сүүдэр тусгахыг төсөөлөхгүй байгаагийн жишээ энэ. Өнөөдөр юу ч тохиолдсон бай, тэр хүүхэд өсөж өндийж, сайхан амьдрах эрхтэй. Тэр замд нь тэдгээр мэдээлэл ямар ч хор нөлөө үзүүлж болно.
Татах жишээ олон бий. Хүүхэд байхдаа асрамж халамжийн төвд амьдарч иргэний зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргачихсан тохиолдол гарлаа. Амжилттай яваа түүний хувьд багынх нь зураг хэвлэлээр гарахыг хараад өөрөө ч, гэр бүлийн хүмүүс нь ч цочирдсон байгаа юм. Үүнээс болоод тухайн гэр бүл салж сарних дээрээ тулсан. Энэ мэтээр хүний эрхийн мэдлэггүйгээсээ болоод цахим ертөнцөд тухайн хүндээ асар их хар түүх үүсгэж байгаагаа мэддэггүй.
Иймээс бид хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал дээр уриалга гаргаж байна.

Эх сурвалж: Peak.mn