Эрүүл мэндийн яамнаас мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн хүний их эмч Г.Хонгорзул коронавирусийн шинж тэмдгийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Халдварт бүх насны хүмүүс өвдөж болно. Вирусийн эмнэл зүйн нууц хугацаа нь 14 хоног хүртлэх үргэлжлэх бөгөөд халдварт өртсөнөөс хойш 4-5 хоногт шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд
- Халуурах 98.6 хувь
- Ядрах бие сульдах 69.6 хувь
- Хий ханиалгах 59.4 хувь
- Хоолонд дургүй болох 39.9 хувь
- Бүх бие янгинаж өвдөх 34.8 хувь
- Амьсгаадах 31.2 хувь
- Цэр гарах 26.8 хувь
- Хоолой өвдөх 17.4 хувь
- Суулгах 10.1 хувь
- Толгой өвдөх 9 хувь
- Амт эсвэл үнэрлэх мэдрэхүй алдагдах
- Цээжээр өвдөх
Шинж тэмдэг илэрсэн тохиолдол яаран эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагагүй. Эрүүл мэндийн байгууллагын тусгай дугааруудад холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагад яаран хандсанаар эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа.
Багтраа өвчтэй, элэгний хатууралтай, жирэмсэн, чихрийн шижинтэй, мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй, биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс тухайн халдвараар илүү хүндээр өвчилж байна.
Халуурсан болгон коронавирусийн халдвараар өвчилсөн биш гэдгийг мөн сануулья. Түүнчлэн ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвараар өвчлөх тохиолдол бий. Ийм хүмүүс халдварыг тархаах эрсдэл хамгийн өндөр байдгийг ДЭМБ-аас анхааруулж байгаа. Иймээс аль болох гэрээсээ гарахгүй байж, бусдыгаа халдварт өртөхгүй байхад анхаарах хэрэгтэй” гэлээ.