Орон нутагт амжилттай хэрэгжиж буй олон улсын кембрижийн хөтөлбөртэй сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

tsenzuurmn 2026-10-28

Өмнөговь аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Наранзаяа даргаар ахлуулсан Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хорооны гишүүд Хэнтий аймгийн Бэрх тосгоны Кембрижийн хөтөлбөртэй Бэрх олон улсын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг тус сургууль нь сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтод чиглэсэн судалгаа, шинжилгээнд тулгуурлан олон улсын хөтөлбөр бүхий сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг. Сурагчид өдөрт 8–10 цаг суралцаж, тусгай хөтөлбөрөөр үндсэн хичээлүүдээс гадна англи хэлийг ярих, сонсох, бичих чадварт чиглэсэн Монгол, гадаад багш нараар заалган эзэмшдэг байна.
Мөн дэлхийн 160 орны 11,000 гаруй сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорихын зэрэгцээ, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг бүс нутгаас 360 гаруй сурагчид суралцаж байна.
Энэ хүрээнд олон улсын хөтөлбөртэй төр эсвэл хувийн өмчийн сургуулийг Өмнөговь аймагт байгуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор сургууль байгуулах, менежмент, удирдлагын тогтолцоо, багш хүний нөөцийг хангах, сургуулийн барилга, дотуур байрыг хэрхэн төлөвлөх тухайд туршлага солилцлоо.