УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

tsenzuurmn 1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар өнөөдөр /2026.09.22/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд 15 жилийн дараа хэрэгжиж буй албан ёсны айлчлал хоёр улсын болоод парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэв.

Хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэйг УИХ-ын дарга тодотгоод, Монгол Улсын гуравдагч хөрш болох Австрали Улстай харилцааныхаа цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулан, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө буйгаа илэрхийлсэн юм.

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик, энэ удаагийн парламентын даргын айлчлал нь хоёр орны хамтын ажиллагаанд томоохон ахиц гарсны илэрхийлэл гэдгийг онцолсон.

Тэрбээр ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо гэдгийг тэмдэглэсэн. Энэ хугацаанд хоёр орны хооронд стратегийн, улс төрийн, эдийн засгийн болон хүн хоорондын харилцаа өргөжин тэлсээр ирснийг дурдаад, энэ удаагийн айлчлал дээрх харилцааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дүнд бий болсон 126 гишүүнтэй парламентын талаар танилцуулж, иргэдээ сонсдог, ил тод, нээлттэй парламентыг төлөвшүүлэхэд Австрали Улсын туршлага чухал гэдгийг тодотгосон. Түүнчлэн Австралийн парламентын баталсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, Залилангаас урьдчилан сэргийлэх хуулиудаас туршлага судлах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Тэрбээр Зам, тээврийн сайдаар ажиллаж байх хугацаандаа эхлүүлж, эрх зүйн үндсийг нь тавьсан Австрали руу шууд нислэг үйлдэх ажил удахгүй ажил хэрэг болох гэж буйд баяртай байгаагаа дуулгаад, тус улс руу зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 17 жилийн дараа анх удаа Монгол Улс ногдол ашиг хүртэх болсон сайн үр дүнг цаашид тогтвортой хадгалах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын үеэр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз Улсад амиа алдсан гэмт хэрэгт Малайз Улсын Холбооны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон нэг этгээд нь Австрали улсад орогнож буй асуудлыг шийдвэрлэж гэмт этгээдийг Малайзын талд шилжүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэхэд Австралийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Австралийн парламентын дарга Милтон Дик, УИХ-ын үйл ажиллагааг иргэддээ нээлттэй, ил тод болгох шинэчлэлийг эхлүүлсэнд талархал илэрхийлсэн. Мөн хоёр орны, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Австралийн Засгийн газрын тэтгэлгийг үргэлжлүүлэх асуудлыг уламжилж, олон залууст суралцах боломжийг олгохын төлөө байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улсын иргэний Малайзад амь насаа алдсан асуудлыг хууль хяналтын байгууллагууд шударгаар шийдэхэд анхаарч, хууль сахиулах байгууллагуудаас авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр хүргүүлж ажиллана хэмээлээ.

Тэрбээр уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогтод Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.