Б.Чимидийн нэрэмжит шагналыг “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлээрээ Гавьяат хуульч, профессор Ж.Бямбаа, профессор Ж.Эрхэсхулан нар хүртэв

tsenzuurmn 2026-01-13

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр (2026.01.13) Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болов.

Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Б.Чимидийн нэрэмжит шагналтнууд болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн гэр бүл, үр хүүхэд, шавь нар, албаны бусад хүмүүс оролцов.

Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, професор Бяраагийн Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн шагналыг 2015 оноос жил бүр олгож ирсэн уламжлалтай. Энэхүү шагналыг Улсын Их Хурлын төлөөлөх, хууль батлах, хянан шалгах үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан шилдэг бүтээлд жил бүр олгодог.

Ёслолын эхэнд Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Б.Чимидийн шагнал олгох тухай” 04 тоот захирамжийг уншиж сонордууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 293 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан ““Б.Чимидийн нэрэмжит” шагнал олгох журам”-ын 1.2, 3.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд хувь нэмэр оруулахуйц эрдэм шинжилгээний “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт бүтээлийг туурвисан Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Жамбаачүлтэмийн Эрхэсхулан нарт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна.