Дэлхий нийтэд цөмийн түлшний эрэлт огцом өсөх хандлагатай байна

tsenzuurmn 2026-01-11

Дэлхий нийтээрээ цөмийн эрчим хүчний хэрэглээг тэлж буйтай холбоотойгоор цөмийн түлшний эрэлт ойрын жилүүдэд огцом өсөх хандлагатай байна. Судалгаагаар 2025 онд дэлхий дахинд шаардагдах ураны хэмжээ 68 мянган тонн байгаа бол 2040 он гэхэд энэ тоо 150 мянган тоннд хүрэхээр тооцоологдож байна. Энэ нь өнөөгийн түвшнээс даруй хоёр дахин их үзүүлэлт юм.

Цөмийн эрчим хүчийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “цэвэр эрчим хүчний” бодит шийдэл гэж үзэх хандлага нэмэгдэж, олон улс нүүрстөрөгч багатай эх үүсвэрт шилжиж буй нь ураны эрэлтийг өсгөж байна. Үүнтэй зэрэгцэн дэлхийн нийт ураны нөөцийн 95 хувийг ердөө 15 улс эзэмшдэг бөгөөд үлдсэн 5 хувь нь 20 гаруй улсад тархсан байна.

Энэ хүрээнд Монгол Улс дэлхийн ураны нөөцийн 2.4 хувийг буюу ойролцоогоор 144.6 мянган тонн нөөцтэйд тооцогддог нь бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийн зах зээлд стратегийн ач холбогдолтой байр суурь эзэлж байгааг харуулж байна.

Ирэх арван жилүүдэд ураны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр, хөрөнгө оруулалт, байгаль орчны хариуцлагатай олборлолт олон улсын анхаарлын төвд байх төлөвтэй байна.