Эрт мэдэх нь айдас биш, харин давуу тал

tsenzuurmn 2 цагийн өмнө

2025 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 8777 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний  18.7 хувийг эзэлж байна. Мөн энэ төрлийн халдварт өвчний 41.9 хувийг тэмбүү, 34.3 хувийг заг хүйтэн, 23.4 хувийг трихомониаз, 0.4 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна. Харин ХДХВ ДОХ-ын талаар залуус хэр мэдлэг, мэдээлэлтэй байдаг талаар сурвалжиллаа.

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр өсвөр үе болон 15–24 насны залуусын ихэнх нь ХДХВ нь хамгаалалтгүй бэлгийн харьцаа, цусаар болон эхээс урагт дамждаг гэдгийг мэддэг болсон ч ХДХВ ДОХ-ын талаар нарийн сайн ойлголт байдаггүй байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр хамгийн эмзэг асуудал нь залуусын шинжилгээнд хамрагдах идэвх сул байгаа явдал. ХДХВ-ийн халдвар илрүүлэлтийг эрт хийх нь эмчилгээнд нэн чухал ч олон залуус “эрсдэлгүй” гэж өөрийгөө үздэгээс шинжилгээ өгөх нь ховорддог байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр ХДХВ/ДОХ-ыг эрт илрүүлэх нь өвчний хяналт, амьдралын чанарт шийдвэрлэх нөлөөтэй бөгөөд эмчилгээ хугацаандаа эхэлсэн тохиолдолд халдвартай хүмүүс урт хугацаанд эрүүл, хэвийн амьдрах бүрэн боломжтой байдаг талаар мэргэжлийн эмч хэлж байна.

Б.Түвшинжаргал-ХӨСҮТ-ийн ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга

Монгол Улсад 2025 оны байдлаар 424 халдвартай хүн бүртгэлтэй бөгөөд тэдний олонх нь эмчилгээнд хамрагдсанаар хэвийн амьдрал, ажил хөдөлмөртэй байгаа нь эрт илрүүлэлт ямар үнэ цэнтэйг илтгэж байна.

Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр ХДХВ/ДОХ-тай холбоотой ялгаварлан гадуурхалт, буруу ойлголт нь Монголын иргэд, тэр дундаа залуусын дунд шинжилгээнд хамрагдах идэвхийг бууруулж, эрт илрүүлэлт саарахад хүргэж байгаа талаар мэргэжлийн эмч хэлж байна.

С.Гэрэлмаа-НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга

Мэргэжилтнүүд залуус болон нийт иргэдийг жилдээ дор хаяж нэг удаа сайн дурын ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдаж, эрсдэлтэй тохиолдолд шууд мэргэжлийн байгууллагад хандахыг уриалж байна. “Эрт мэдэх нь айдас биш, харин давуу тал” гэж салбарынхан онцолж байна.