Халхын голын байлдаанд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

tsenzuurmn 2025-08-20

Халхын голын байлдааны ялалтын 86 жилийн ойг ОХУ-ын Буриад Улсын Хиагт хотод энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн удирдлага, бүрэлдэхүүний төлөөлөл, орон нутгийн захиргаа, хүүхэд залуучууд 08 дугаар сарын 18-ны энэ өдөр 1939 оны Халхын голын байлдаанд Хиагт хотоос оролцож амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний эхэнд сургуулийн хоёр талын удирдагч Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, ОХУ-ын баатар, хошууч генерал В.А.Белявский нар Халхын голын байлдаанд алтан амиа өргөсөн Монгол, Зөвлөлтийн баатарлаг эрс, ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг дурдаж, хатуу бэрх дайны хүнд жилүүдэд манай хоёр ард түмэн харилцан нэгэндээ туслаж тохиолдсон бэрхшээл саадыг хамтын хүчээр даван туулсан талаар онцлон тэмдэглэлээ.

Хиагт хотын удирдлагууд “Хиагт хот нь Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа, өнө мөнхийн нөхөрлөлд чухал байр суурь эзэлдгийг өгүүлээд Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг орон нутагтаа жил бүр тэмдэглэдэг талаар хэлсэн үгэндээ дурдаж, “Сэлэнгэ-2025” хээрийн сургуульд амжилт хүссэн юм.