
Намрын чуулганы эхэнд С.Ганбаатар, Х.Баттулга нарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг Прокурорын байгууллагаас УИХ-д өргөн барих мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Зөв ч биз. Хууль хяналтын байгууллагуудад итгэх иргэдийн итгэл үгүй болсон энэ өдрүүдэд илтэд, барим тавим яригддаг факт баримтуудыг шалгаж эцэслэх цаг болсон. С.Ганбаатарыг хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх гурван зүйл ангиар яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт хүргүүлээд байгаа.
Х.Баттулгын тухайд Төгрөг нуурын ордтой холбоотой шалгуулах хүсэлтийг баримтуудын хамт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Хэрэг эрхлэх газрынх нь даргаар ажиллаж байсан Н.Учралын зүгээс АТГ-т өгч байв. Үүнээс эхтэй шалгалтын мөрөөр төмөр замын асуудал босч, С.Ганбаатарын холбогдсон баримтуудад Х.Баттулга чирэгдэж мэдэх мэдээллийг хуулийнхан өгч байна. Төгрөг нуурын ордтой холбоотой Н.Учралын мэдээллийн араас тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Үйл баримт үнэн бол мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг байж болзошгүй” хэмээн мэдэгдэж байсныг уншигчид санаж буй биз.
Эдгээрийн араас Блдь ч завгүй байж мэдэх нь.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг гацааж буй “Бодь Интернэйшнэл“ компани гэрээний үүргээ биелүүлэхгүй бол нөхөн төлбөрөө шүүхээр нэхэмжилнэ гэх мэдэгдлийг хийчихлээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж жилийн 70 тэрбумын үйлчилгээ үзүүлэх давруу саналыг нь ч салбарын сайд хатуу буруушаасан. Үндсэндээ Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын гэх нам дамнасан бизнес улстөрийн бүлэглэл үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, эрх мэдлийн сүүлийн оосроо таслуулчихгүйн төлөө байж болох бүх хувилбарыг өрж байх шиг байна.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бус Женкогийн бүлэглэл өнгөрсөн зургаан жил төрийн эрхийг барьсан хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан. Тагнуулын ерөнхий газрыг, мэргэжлийн тагнуулчдыг удирдаж байсан хүний дүгнэлтийг жир улстөрчийн жижиг хардлага гээд анхаарлын гадна үлдээвэл дэндүү гоомой явдал болох биз. Товчхондоо, бүлэглэлд засаглалыг алдана гэдэг МАН, АН-гүй Монголын улстөр тэр чигтээ лидергүй болсны илрэл.
Орлогоо нотлохын оронд танхимаа тарааж өөрөө огцорсон нөхөрт МАН одоо ч бодлогоо бариулж, улстөрийн хариуцлага тооцчихож чадахгүй чирэгдэж яваа нь шившиг юм. Байгалийн давтагдашгүй хүчин зүйл гэдэг шиг намын дүрэм журмыг даваад хариуцлага тооцох хангалттай кэйс бол Засгийн газраа унагасан намын даргын тэнэглэл гарцаагүй мөн. Улмаар сонгогч олноо ялаагаар дуудаж, улс орноо саарал жагсаалтын ирмэгт авааччихаад буй кадрт нам удирдах, цаашлаад Удирдлагын багт ажиллах өчүүхэн ч эрх үлдээхгүйгээр шийдвэрлэж байж МАН нам шиг нам болно гэхэд хатуудсан шүүмжлэл болохгүй.
Тус намын Бага хурал хүссэн хүсээгүй ирэх өдрүүдэд товлогдоно.
Одоогийн бага хурлын 396 гишүүний дийлэнх нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийнх. Олон жил намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа өөрийн бүтцийг бэлтгэж, мандатын тоонд анхаарснаас бус бүлэглэлтэй болох, лидер бүтээхэд түй ч анхаараагүй нь үнэн. Сошиал орчинд амьд тролл гэдэг шиг түүний дагагчдыг амьд мандат гэчихэд гомдоод сүйд болохгүй байх. Түүний амьд мандатууд энэн Бага хурлын дараа үлдэх үү, эс үлдэх үү гэдэг шийдэгдэнэ. Спикерийн суудлаас цааш газаргүй, карьергүй болж буй улстөрчийн юунд нь найдаж дагах билээ, тарах биз. Одоогоор мандатуудынхаа учрыг олох байтугай өөрөө өөрийн “тэжээсэн” үр могойнуудад залгигдах уу, эсвэл нам доторх бүлэглэлдээ уусч аврагдах уу гэдгээ шийдэж чадахгүй орон нутгаар “тэнэж” явна.
Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулах намын Бага хурлын үеэр түүний нэрийг заалнаас дэвшүүлсэн ч мань эр нэрээ татсан. Үүнийг нөхөрлөлийнхөө төлөө эцсээ хүртэл хамт байсан үйлдэл гэхээсээ хожмын өдөр намын даргад нэр дэвшвэл бүрдүүлж бүтээсэн “мандат”-ууд минь бүрэн бүтэн үү гэдгийг тандаж шалгасан явдал гэж үзэгсэд олон байгаа юм. Эл тандалтаар Бага хурлын гишүүдийн олонх өмнөх шигээ хайрцаглагдаж өгөөгүй тул тодорхой бус сорилтод орохыг хүсэлгүй нэрээ татсан гэлцэж байна. Түүний тарамдсан мандатуудыг цуглуулахаар Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэн уулзаж учирч яваа ч одоогоор женко бүлэглэлд нэгдэх нөхөд хуруу дарам цөөн буй талаар намынхан хэлж байгаа юм. Учир нь Г.Занданшатарын Засгийн газарт багтахаар нэр нь явсан нөхдөө эцсийн хоромд хойш татаж болиулсан кадр Л.Оюун-Эрдэнэ юм байх. Тэрбээр тухайн үедээ “Би биш бол чи биш” гэдэг зарчмаар асуудалд хандсан нь өдгөө Бага хурлын өмнө лай ланчиг болон ирж.
Иймээс нам дамнасан бүлэглэлийнхэн хийж хэрэгжүүлэж болох бүх л хувилбарыг зурж урж яваа гэнэ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах асуудлыг намрын чуулганы эхэнд оруулахаар бэлтгэж буй явдлыг зарчмын асуудал гэхээсээ Л.Оюун-Эрдэнэд шахагдсан ач хариулагчдын үйлдэл гэлцэж байна. Тэдний энэ дайралт нэг сайдыг огцруулах биш нэгдэж хамтарсан нэг нам буюу ХҮН-ыг Засгаас гарах, улмаар Г.Занданшатарын Засгийн газрыг ганхуулах “женкост” тулгалт гэгдэж буйг энд тэмдэглэхгүй өнгөрөөвөл хайран хэрэг болох биз. Б.Бат-Эрдэнэ П.Наранбаярыг эцсээ хүртэл ийн зуух зуурт АН-аас Б.Чойжилсүрэн, Б.Жавхланг шахаж, огцруулах бичиг өргөх юм байх. Үүнийгээ нэр бүхий оролцон тоглогчид женкост төлөвлөгөө хэмээн нэрийдэн парольдож.
Лу.Гантөмөрийн тухайд тэсч үлдэх шалтаг шалтгаан үгүй. Гэсэн ч МАН-ын нэгэн адил АН-д ч лидер алга. Мэдлэгтэй, мэдээлэлтэй өвгөд нь өс санаж, өмд гутлын хэрүүл хийхээс цаашгүй лойдор. Залуус нь Б.Хурцын тодорхойлсончлон Женко бүлэглэлээс намаа аврах хөдөлгөөнийг сэм эхлүүлж С.Баярцогтыг гэхээсээ Б.Хурцыг намын даргад дэвшүүлбэл хэлээд буй нам дамнасан бүлэглэлээс АН-ыг салгаж мэднэ гэлцэж байна.
Сонирхолтой л хувилбар…
Б.Хурц АН-ын ҮБХ-ны болон Улс төрийн зөвлөлийн гишүүн. Хүний, өөрийн намынхны но-г алган дээрээ тавьсан мэт хүүрнэнэ. Түүнийг АН-ын даргаар тавьчихвал АН-аас Х.Баттулга, МАН-аас Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн дайжиж, орох байх газраа олохгүй алга болно гэхэд ташаарсан болохгүй биз. Угаасаа ч Монголын улстөрийн хүчнүүд улстөр нэр дор хонжоо хайсан зуугуулуудаас салах цаг нь энэ НАМАР мөн юм!!! Намын дарга нараа солих, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах хуулийн болоод улстөрийн хариуцлагын тулгалттай энэ цагийг л ашигладаггүй юм бол өөр хэзээ гэж?!
Хойноос ирээд хот, хотонд ирээд хонь минийх гэгчээр АН-ын даргад, цаашлаад Ерөнхийлөгчид горилж явсан С.Ганбаатарын бүрэн эрх ч эрсдэлтэй тулчихсан байна.
Тэгэхээр АН, МАН-ынхан үхрийн баасанд нуугдсан язганасан хорхой шиг улс төрийн нам бүлэглэлүүдийн малгай дор орогносон но-той ноцтой нөхдийг Хуулийн байгууллагад нь даатгачихаад эх орноо тусгаар тогтнолтой нь зүрхэндээ тээсэн улстөрчдөөрөө ТУГаа хийн урагшилбал ГОЁ. Улстөрийн намууд цэвэр, нүүдэл нь чамин бол МОНГОЛоор хэн дайжигнаж зүрхэлнэ гэж…
5 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/8rXZr
https://shorturl.fm/9AHcJ
https://shorturl.fm/vJazR
https://shorturl.fm/vTPWM
https://shorturl.fm/xDzcE