С.Цогтсайхан: Ипотекийн зээлийн батлан даалтад 21 аймгийн 1357 өрх хамрагдаад байна

tsenzuurmn 2025-04-17

Засгийн газар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт олгох шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа юм. Уг шийдвэрийн дагуу батлан даалтыг Зээлийн батлан даалтын сан гүйцэтгэж байна. Бид тус сангийн гүйцэтгэх захирал С.ЦОГТСАЙХАН-тай ярилцлаа.

-Зээлийн батлан даалтын сан  хэдэн төрлийн зээлд баталгаа гаргаж байна. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэлснээр танай санг сонирхогчдын тоо ч нэмэгдэж байх шиг байна?
-Манай сан өнөөдрийн байдлаар үндсэн бизнесийн зээл, Азийн хөгжлийн банкны ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан зээл, Ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааны 60 хувийг батлан даах, хоршооны гишүүн малчдад олгож буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлийн батлан даалт гэсэн дөрвөн үйлчилгээ үзүүлж, батлан даалт хийж байна. Ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийн 60 хувийг батлан дааж эхэлснээр манай сангийн үйл ажиллагааг хүмүүс нэлээд сонирхдог болсон. Энэ төрлийн зээлийг 2023 оны гуравдугаар сараас эхлэн олгож, анхны зээлийг Дархан-Уул аймагт амьдардаг Зэвсэгт хүчний ангийн Энхийг сахиулахад яваад ирсэн залуу авсан. Үүнээс хойш бид одоогийн байдлаар 1357 зээлдэгчид 145.9 тэрбум төгрөгийн зээлд 27.5 тэрбум төгрөгийн батлан даалт гаргалаа. Тодорхой хэлбэл, 21 аймагт ажиллаж амьдардаг, шилжин суурьшсан 1357 өрхийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, батлан даалт гаргаад байна.

-Жилд 600 гаруй зээлдэгчид батлан даалт гаргасан гэсэн үг үү?
-Хөтөлбөр 2023 онд хэрэгжиж эхлээд нэлээд эрчтэй явсан ч хөрөнгийн эх үүсвэрээс шалтгаалан арилжааны банкууд дээр гурав, дөрвөн сар түр зогсож саатсан. Одоо  хэвийн үргэлжилж байна. Ялангуяа 2024 онд Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогыг идэвхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн ипотекийн зээлд батлан даалт гаргах хөтөлбөрийн хүрээнд нэлээд эрчтэй олгогдож байна.

-Орон нутгаар танай сангийнхан нэлээд явдаг болж. Засгийн газрын бодлогоор хэрэгжиж буй урьдчилгаа зээлийн батлан даалтад хамрагдаж, орон сууцтай болсон төрийн албан хаагч, багш, эмч нар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Сум, аймагтаа олон жил ажилласан ч урьдчилгаа төлбөргүй учраас орон сууцанд орж чадаагүй иргэн олон байдаг. Тэдний ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийнх нь 60 хувийг Зээлийн батлан даалтын сан дааж байна. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтад хамрагдсан,  хамрагдахыг хүссэн олон хүнтэй бид орон нутгаар явахдаа уулздаг. Зээлийн батлан даалт гаргуулсан иргэд бол өндөр сэтгэгдэлтэй байдаг. Орон нутагт ажиллаад, ажиллаад олж чадаагүй хуримтлалаа батлан даалтаас бий болгож, орон сууцтай болсондоо сэтгэл өег байдаг юм. Ялангуяа эмч, багш нар, төрийн байгууллагын болон төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд энэ зээлд хамрагдах хувь нь өндөр байна.

-Гучин хувийг нь  батлан даахаар  зээлдэгч нийт хэдэн хувийн ипотекийн зээл төлөхөөр болж байна вэ? 
-Манай сан 30 хувийн урьдчилгааны 60 хувийг даачихаар хувь хүнд 30 хувийн урьдчилгааны 40 хувь үлдэж байна гэсэн үг. Жишээ нь, зуун сая төгрөгийн зээл авч буй хүн арилжааны банканд 30 саяын урьдчилгаа өгнө. Энэ 30 сая төгрөгийн 60  хүртэлх хувь буюу 18 саяыг манай сан даахаар зээл авч байгаа хүн 12 саяыг өөрөө гаргана. Үндсэн зээлийн 88 хувиа зээлийн эргэн төлөлтөөр төлөөд явах юм. Энэ бол том боломж. Нэг зүйлийг хэлэхэд, Зээлийн батлан даалтын сан урьдчилгаа зээлийн 30 хувьд хамаарах мөнгөний 60 хувийг батлан даана гэхээр зарим зээлдэгч энэ мөнгийг эргэн төлөхгүй юм шиг ойлгоод байдаг. Гэхдээ зээл авах процесс хэрэгжээд, арилжааны банканд очоод нийтдээ 88 хувийн зээл авч байгаа юм байна гэдгээ мэддэг л дээ. Мөн 88 хувийн зээл төлөхөөр зээлийн эргэн төлөлтөд хүндрэл гарах уу гэдгийг бас хүмүүс сонирхдог. Зээлийн хэмжээ 70-88 хувь болж өссөн ч зээлийн төлбөрийн сард эргэн төлөгдөх төлөлтөд тийм их ачаалал ирдэггүй. Урт хугацаатай зээл учраас 100 гаруй мянган төгрөгийн зөрүү гардаг.

-Хотод ажиллаж, амьдардаг төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагын алба хаагч, эмч, багш нараас Зээлийн батлан даалтын санд хандах, зээлд батлан даалт гаргах боломж байна уу гэсэн хүсэлт багагүй ирдэг гэж сонссон?
-Батлан даалттай ипотекийн зээлийг Улаанбаатар хотод олгох уу, Улаанбаатарын зээлд хамрагдмаар байна гэсэн асуулт манай санд нэлээд их ирдэг. Батлан даалттай зээлийг орон нутагт олгоно гэсэн Монголбанкны шийдвэр бий. Энэ шийдвэрт өөрчлөлт орвол Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Эрх зүйн орчин нь бий. Зарим яам, сайд нар энэ төсөл дээр ажиллаж байгаа юм билээ. Мөн Орон сууцжуулалтын Үндэсний хороонд ч энэ талаар ярьж, шийдвэрлэгдэх юм шиг байна гэж ойлгосон. Холбогдох яам, ажлын хэсгүүд манайхаас судалгаа, тайлан авч, бид батлан даалттай ипотекийн зээлд хамаарах материал, судалгаа, тооцоог өгөөд явж байна.

-Танай сангийн үндсэн зээл болон АХБ-ны эх үүсвэртэй зээлийн явц ямархуу байгаа бол?
-Бид үндсэн батлан даалтын хүрээнд 748 жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн 200 орчим тэрбум төгрөгийн зээлд 86 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна. Мөн 2018 оноос хэрэгжсэн Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлийн хүрээнд нийт 668 жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн 325.5 тэрбум төгрөгийн зээлд 179 орчим тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид арилжааны банкнаас зээл хүсдэг. Банкууд энэ хүсэлтийг нь судлаад төсөл нь хэрэгжих боломжтой ч, барьцаа хөрөнгө дутсан үед манайхаас батлан даалт хүсдэг. Бид ийм хүсэлтийг хүлээн авч судлаад боломжтой гэж үзсэн төслүүдэд батлан даалт олгодог.

-Зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?
-Зээлийн эргэн төлөлт сайн, чанаргүй зээл жил бүр буурч байгаа. Ковидын үед бүх үйл ажиллагаа зогсож, чанаргүй зээл мэдэгдэхүйц өссөн ч бид үйл ажиллагаагаа Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах  хяналт тавих журамд нийцүүлэн, тогтоосон хязгаарыг зөрчихгүй байх зарчим барьдаг. СЗХ-ноос гаргасан журамд чанаргүй зээлийн харьцааг  15 хувиас илүүгүй байхаар тусгасан. 2025 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар  манай чанаргүй зээлийн  эзлэх хувь 2.8 байна. Энэ бол бид хязгаарыг зохих түвшинд бариад явж байгааг харуулсан баримт. Бид чанаргүй зээлийг жил бүр бууруулахыг зорьдог. Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид маань ч гэсэн тодорхой хэмжээнд хичээгээд явж байна. Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлийн тухайд энэ зээл өөрөө эх үүсвэрээ байршуулдаг онцгой төсөл. Зээлийн онцлогоо манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчид  нэлээд сайн ойлгосон, хамрагдах сонирхолтой байдаг. Бид ч бас хууль журамд нийцсэн шалгуур тавьж, судалгаа хийгээд зээлээ олгоод явж байна.

-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ЖДҮГ-аас зээл авахыг илүүд үзэж байна уу, Зээлийн батлан даалтын санд хамрагдахыг илүү сонгож байна уу?
-Зээлийн батлан даалтын санд жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг, сайн төсөлтэй ч санхүүгийн эх үүсвэргүй, гол нь банкнаас зээл авахад шаарддаг барьцаа хөрөнгөгүй бизнес эрхлэгчид ханддаг. Өөрөөр хэлбэл, хөл дээрээ зогсох гэж байгаа анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч  манайхаар батлан даалт гаргуулдаг. ЖДҮГ-аас зээл авч байгаа хэсэг бол харьцангуй боломжтой, барьцаалах хөрөнгөтэй хэсэг нь юм. Үүгээрээ ялгаатай. Өндөр түвшний инновацлаг, супер үйлдвэрлэл явуулахаар зорьж буй барьцаа хөрөнгөтэй хүмүүс бол арилжааны банк, ЖДҮГ-аас зээлээ аваад явчихдаг.
Манай сангийн Удирдах зөвлөлийн даргаар ХХААХҮ-ийн яамны ТНБД Т.Жамбалцэрэн ажилладаг. Бид харьяа яам, холбогдох байгууллагаас авсан тодорхой чиглэлийн хүрээнд, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Манай журам харьцангуй эерэг. Бид АТГ-т өөрсдийн хүсэлтээр журмаа хүргүүлж, хууль нийцсэн ба нийцээгүй зүйл байгаа эсэх, ашиг сонирхлын ямар нэгэн зөрчил байгаа эсэхэд үнэлгээ хийлгэсэн. Бусдад, тодорхой албан тушаалтанд давуу байдал олгосон асуудал байхгүй журам байна гэсэн хариуг саяхан авсан.

-Танай сан өнгөрсөн оноос “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зориулсан зээлд баталгаа олгож эхэлсэн. Зээлийн үйл явц одоогоор ямархуу байна вэ? 
-УИХ 2024 онд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт орж, “Шинэ хоршоо” хөдөлгөөн буюу хоршооны гишүүн малчны зээлд батлан даалт гаргаж эхэлсэн. Нийтдээ 15084 зээлдэгчийн нэг их наяд, 71 тэрбум төгрөгийн зээлд 591 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 14 төрлийн зориулалтаар зээл олгож байгаа. Үүний нэг, үржлийн мал худалдаж авах буюу үржлийн мал сайжруулах зээл Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр энэ оны наймдугаар сарын 1-нийг хүртэл түр зогссон. Бусад 13 төрлийн зээлийн батлан даалтыг хэвийн олгож байна. Арилжааны банкууд малчны зээлийн хүсэлтийг судлаад, зээл өгөх боломжтой гэж үзвэл манайх батлан даалт гаргана.

-Сүүлийн үед танайхан орон нутгаар явж ажиллаад байгаа харагдсан. Ямар ажлаар судалгаа хийж байгаа талаар тодруулах боломжтой юу?
-Өнгөрсөн оноос эхлэн орон даяар хэрэгжиж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнд Зээлийн батлан даалтын сан тодорхой үүрэгтэй оролцож, энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж байна. Энэ бол уламжлалт мал аж ахуйгаа сэргээх, малчдаа дэмжих, орлого, амьжиргааг сайжруулж, малын гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөр.
Тиймээс малчдын үйл ажиллагаа үнэхээр сайжирч уу, амьдрал ахуй нь дээшилж байна уу, юу нь болж, юу нь болохгүй байна. Зээлээ зориулалтын дагуу зарцуулж байна уу гэсэн судалгаа хийж, зээл, татварын бодлого, хууль дүрмийн талаар таниулж зөвлөгөө өгөх ажлаар манайхан хэдэн багт хуваагдан орон нутагт ажиллаж байна. Малчид маань малаа дагаж хөдөө хээр нүүдэллэн амьдардаг, өдөр тутмын ажлаасаа болоод мэдээлэл муу авч, зээлийн эргэн төлөлтөө хоцроодог тохиолдол гардаг. Хоршоо байгуулсан малчдад Орон нутгийн Татварын алба, Нийгмийн даатгалын албатай хамтран тайлан тооцоо гаргах, хууль зөрчсөн нөхцөл рүү орохоос сэргийлсэн сургалтууд хийж байгаа юм. Малчид мэдээлэл аваад эхэлсэн болохоор хаана хаанаа хүндрэл гарахгүй. Энэ утгаараа сургалт, мэдээлэл чухал юм.

-Хоршооны малчдын зээл хэр үр дүнтэй байна вэ?
-Үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн оны өдийд бид улс орны ихэнх хэсгийг хамарсан цас зудын гамшгийг туулсан. Тэр зуднаар бид орон нутагт, малчдын хотоор ажилласан. Тухайн үед зудад малаа алдсан малчид ямар нэгэн байдлаар малжих эх үүсвэртэй болмоор байна. Хэрвээ малжиж чадахгүй бол нийслэл рүү шилжиж, ажил амьдралаа өөр байдлаар авч явах бодолтой байгаагаа ярьж байсан. Ийм байр суурийг маш олон малчин илэрхийлсэн. Тухайн үед хөдөө орон нутагт яваад, бодит байдлыг нүдээр харсан ЗГХЭГ-ын дарга байсан, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хөдөө” хөдөлгөөнийг санаачилж, төлөвлөгөө гарган малчдад зээл олгох, батлан даалт гаргах ажил эхэлж байлаа.
Энэ жил өнтэй сайхан өвөл болсон. Орон нутгаар явахад ноднин бидэнтэй уулзсан, зудад нэрвэгдэж, малаа алдсан, хот руу нүүнэ гэж байсан малчид орон нутагтаа малтай болсон, хадлан тариагаа бэлдсэн, амьдрал нь хамаагүй тогтворжсон байна. Засгийн газрын орон нутгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нэлээд сайн ажил хийсэн, газар дээрээ хэрэгжсэн нь харагдаж байна. Өвс хадлангаа сайн бэлдсэн, зарим нь өнжүүлэх гээд байна.
Манай ажлын хэсгийнхэн 15 мянган малчны өрхөөр бүгдээр нь ороод гарч амжихгүй. Гэхдээ тэд олон багт хуваагдаж бүх аймгаар тал тал тийшээ гарч, сургалт мониторингоо хийгээд явж байна. Эхний ээлжид зээл авсан малчид хариуцлагатай байгаад зээлээ зориулалтын дагуу ашиглаад, хугацаанд нь төлөөд үр өгөөжийг нь гаргах юм бол дараа дараагийн малчид зээлд хамрагдах, төсөл хөтөлбөр цааш үргэлжлэхэд гацаа байхгүй, ажил үргэлжилнэ. Малчид маань юмаа хийдэг юм байна, зээлээ үр дүнтэй ашиглаад төлж чаддаг юм байна, амьжиргаанд нь нэмэр болж байгаа юм байна гэдгийг харуулчихвал Зээлийн батлан даалтын сангийн хувьд ч урамтай явна.
Зээл эргэн төлөгдөхгүй, Батлан даалтын сан өмнөөс хариуцлага хүлээх асуудал гарвал энэ бодлого хумигдана, сангаа аятайхан авч явахын тулд үйл ажиллагаа, шийдвэрээ эргэн харна, зээл олголт багасна гэх мэт асуудлууд үүснэ. Бид зээлийн 80-100 хувийг батлан даасан учраас зээлээ муутгахгүй, чанаргүй ангилалд оруулахгүй байх үүрэгтэй. Шинэ хоршоондоо татварын тайлангийн өр, торгуульд оруулахгүй, Нийгмийн даатгалын тайлан мэдээлэл зэргийг хэрхэн бүрдүүлэх ёстой вэ гэх мэт мэдээллийг малчдад өгч, сургалт, зөвлөгөө өгөөд явж байна.

-Малчид түүхий эд боловсруулах дундын үйлдвэр барих ч юм уу, ийм хэмжээнд нэгдээсэй гэж хувьдаа боддог, ийм боломж хэзээ бий болох бол?
-“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд анхан шатны хоршоонд зориулсан зээлийг л олгож байна. Анхан шатны хоршоо хөрөнгө санхүүгийн хувьд жижиг, дунд үйлдвэр, цех, тэр тусмаа малын гаралтай арьс ширний үйлдвэр байгуулах бараг боломжгүй. Зээлийн эргэн төлөлт сайн байгаад, зээл үр ашгаа өгөөд эхэлбэл дараагийн шатанд малжсан, хөл дээрээ тогтсон хоршоод нийлээд дундын хоршоо байгуулж болно.
Магадгүй санхүүгийн чадвартай болсон нь орон даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон туршлагатай компаниудтай нийлж, нэгдэн илүү том дундын хоршоо байгуулан, сум, орон нутгийнхаа арьс ширийг хагас болон бүтэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах боломж бүрдэнэ. Одоохондоо анхан шатны хоршоон дээр ямар нэгэн үйлдвэрлэл ярих нь эрт байна. Мөнгөн дүнгийн хувьд ч хэцүү. Бид бол “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, ХХААХҮЯ зэрэг холбогдох газрууддаа дараагийн шатны зээл, дундын хоршоо бий болж, үйлдвэр цех байгуулах боломжийн тухай мэдээллийг өгөөд явж байгаа юм.

 Д.Жаргалан

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.