УУХҮЯ, ИБУИНХУ-ын гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамтай ховор металын чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

tsenzuurmn 2024-04-25

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүлэх чиглэлийн нэг бол геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх байдаг. Энэхүү чиглэлийн хүрээнд дэлхийд эрэлт, хэрэгцээ нь ихсэж байгаа ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг өсгөх талаар олон улс орнуудтай хамтран ажиллахыг эрэлхийлж байна.
Үүний нэг нь ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулах асуудал бөгөөд талууд харилцан тохиролцоонд хүрч төслийг өнөөдөр /2024.04.25/ баталгаажууллаа.
Нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэх, мэргэжлийн байгууллага хооронд байгуулах санамж бичгийг сайдын түвшинд холбогдох уулзалт, яриа хэлцлийн үеэр талууд илэрхийлсээр байна.
Бодлогын түвшинд хамтран ажиллах санамж бичгийг байгуулахаас гадна Үндэсний геологийн алба болон Британийн геологийн алба хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсанаар геологийн шинжлэх ухаан, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Цаашид геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллааг хөгжүүлэх, шинжлэх ухаан болон техникийн мэдлэг мэдээллийг солилцох, хүний нөөцийг сургах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэргээр хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх юм.