Орос хэлний өдрийг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын дэвшүүлсэн мэндчилгээ
Эрхэм хүндэт найз нөхөд өө,
6 дугаар сарын 6-ны өдөр бид Оросын агуу суут яруу найрагч Александр Сергеевич Пушкины мэндэлсний 225 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд мөн энэ өдөр Олон улсын орос хэлний өдрийг тэмдэглэдэг билээ.
А.С.Пушкин, Л.Н.Толстой, Ф.М.Достоевский болон И.С.Тургенев нарын эх хэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Оросын соёл, шинжлэх ухааны ололт амжилтууд бүтээгдсэн байдаг. Орос хэл нь үндэстэн хоорондын, олон улсын харилцааны хэрэгсэл гэдэг утгаараа нэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ хэлээр өнөөдөр манай гараг дээр 250 сая гаруй хүн ярьж байна. Орос хэлийг төрөл бүрийн салбарын олон талт байгууллагууд албан ёсны буюу ажлын хэл болгон өргөнөөр ашиглаж байгаа нь түүнийг хэр их эрэлт хэрэгцээтэй байгааг нотолдог. Хэл, соёлын олон төрөлт байдлыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Орос хэлний өдрийг НҮБ-ын олон улсын чухал өдрүүдийн хуанлид багтаасан байдаг.
Орос хэлний өргөн хэрэглээ, нийтлэг түүх, эдийн засгийн болон хүмүүс хоорондын өргөн харилцаа нь Евразийн орон зай дахь интеграцийн үйл явцыг бэхжүүлэх бат бөх суурийг бүрдүүлдэг юм. Казахстаны Ерөнхийлөгч К.-Ж.К.Токаевын санаачилгаар өнгөрсөн оны аравдугаар сард аль ч улс орон нэгдэн ороход нээлттэй Орос хэлний олон улсын байгууллага байгуулагдсан тухай энэ дашрамд онцгойлон дурдахад таатай байна.
Энэ завшааныг ашиглан орос хэлний хэрэглээний орон зайг хадгалах, эх орныхоо түүх, соёлын өвийг сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж буй олон нийтийн төлөөлөл, гадаадад амьдарч буй Оросын элэг нэгтнүүд, ОХУ-ын олон найз нөхдөдөө гүн талархлыг илэрхийлье.
Агуу яруу найрагчийн ойн баяртай холбогдуулан Орос хэлний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь улс хоорондын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмний хоорондын эв найрамдал, итгэлцлийн уур амьсгалыг хадгалахад чухал ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байна.
0 cэтгэгдэлтэй