УИХ-ын 2024 оны сонгууль болоход үндсэндээ сар хүрэхгүйн хугацаа үлдлээ. Улс төрийн намууд өөрсдийн горилогчдыг дэвшүүлж, намын жагсаалтад багтсан эрхмүүдийн нэрсийг зарлаад багаггүй шүүмжлэлийг аваад байна. Тэгвэл Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр:”Улс төр гэдэг мэргэжил бөгөөд үүнийг хичээл номоор бус амьдралын сургалтаар олж авдаг. Гэтэл дунд сургуулиа бараг төгсөөгүй залуусыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оруулж ирлээ. Тэрхүү сурагчдыг намаас цалинждаг троллууд “Шинэ үе” ирлээ сэвцгээж байх шив дээ. Үнэн чанартаа бол Л.Оюун-Эрдэнэ асуудлын мөн чанарыг ойлгохгүй кнопчид бэлдэж байна. Тэд дуулгавартай бөгөөд багшийн хэлсэн үгийг дагаж кноп дарна гэсэн үг.
Өөрийн үзэл баримтлал, чиг баримжаагүй баахан залуусыг оруулж ирсэн “Амьгүй албат” гэлтэй. Харин муу хэлүүлээд Л.Гантөмөрийн жагсаалт “Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэдэг шиг жагсаалт болжээ. АН-ын жагсаалтад ордог нөхдийг хэний нөхөр, хүүхэд, бүр нууц гэдгийг хүртэл мэднэ. Ямар үзэл баримтлалтай, боловсролтой гээд мэдэх юм. Гэтэл нөгөө талд гоё хаяг шошготой, кнопчид команд хүлээж байх жишээтэй. Энэ утгаараа Гантөмөрийн сонголт сайн байв. Тэрээр өвсөнд боолгүй, өөхөнд нуулгүйгээр өнөөх хэдээ гаргаад ирлээ.
Байгаа царай нь тэр шүү дээ. Нуугаад нууцлаад баг зүүгээр нэмэргүй учир байгаагаа байгаа нь сайн юм. Түүний сонголт, жагсаалт үнэн бөгөөд шударга байв. Баяр хүргэе” гэжээ.
0 cэтгэгдэлтэй