Өсвөр насныхан олноороо нийлж дарвин гэмт хэрэгт холбогдох явдал нэлээд гардаг. Тэдэнд холбогдох гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг УЕПГ-аас судалжээ. Энэ талаар тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Золзаяатай ярилцлаа.
-Хүүхдүүд холбогдсон гэмт хэргийн талаар танай хэлтсийнхэн судалсан байна. Өсвөр насныхан гэмт хэрэг, зөрчилд хэр их холбогдож байна вэ?
– Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс улсын хэмжээнд хүүхэд холбогдсон гэмт хэргийн талаарх судалгааг 2021 он, 2022 оны III улирлын байдлаар хийлээ. Судалгааны дүнгээр 2021 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 3.7 хувийг өсвөр насны хүүхэд үйлдсэн байсан. Тэгвэл эл үзүүлэлт 2022 онд 5.4 хувь болж өсжээ.
Тодруулбал, 2021 онд хүүхэд холбогдсон хэрэг бүртгэлтийн 740 хэрэг шалгасан бол 2022 оны III улирлын байдлаар 1060 хэрэг шалгасан нь өмнөх оноос 43.2 хувиар нэмэгдсэн байна. 2021 онд мөрдөн байцаалтын 788 хэрэг шалгагдсан бол 2022 онд 1102 хэрэг болж 39.8 хувиар өслөө.
Хүүхэд холбогдсон хэргийн 91.8 хувийг хулгай, дээрэм болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулах хэрэг эзэлж байна.
– Газар орон, цаг хугацааны хувьд хаана, хэзээ ихэвчлэн гэмт хэрэг гарсан бол?
– Судалгаанд хамруулсан нийт хэргийн 72-74 хувь нь нийслэлд, 27-28 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн орон нутаг, бүсчлэлээр нь эрэмбэлж үзэхэд 2021 онд Баянзүрхэд 210, Сонгинохайрханд 136, Сүхбаатар дүүрэгт 55 хэрэг, аймгуудаас Орхонд 25, Булганд 23, Дундговьд 18 хэрэг гарсан нь хамгийн их байв.
2022 онд Баянзүрх дүүрэгт 496, Сонгинохайрханд 113, Баянголд 61, Баянхонгор аймагт 35, Сэлэнгэд 29, Дорнодод 24 хэрэг шалгасан нь хамгийн өндөрт тооцогдож байна.
Нийт гэмт хэргийн 71 хувь нь өдөр, 29 хувь нь шөнийн цагаар үйлдэгджээ.
– Хэд орчим насны хүүхдүүд хэрэг, зөрчилд холбогдох нь их байна вэ?
– Судалгааг нас, хүйс, ар гэрийн ахуйн нөхцөл, хохирогчтой хамаарал бүхий байдал зэрэг олон талаас нь авч үзэж хийсэн.
Судалгаа хийсэн хамгийн гол зорилго бол энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг хэрхэн бууруулах, хүүхдүүд яагаад гэмт хэрэг үйлдээд байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, насанд хүрэгчид, эцэг эхчүүд юунд анхаарах, гэмт хэрэг хийх шалтгаан нөхцөлийг хэрхэн засаж залруулахыг тогтоох байв.
Судалгаагаар нийт гэмт хэргийн 97.9 хувь нь санаатай, 1.5 хувь нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна. Хүйсийн тухайд 90 хувь нь эрэгтэй, 10 хувь нь эмэгтэй. 23.6 хувь нь 14, 20.1 хувь нь 15, 18.8 хувь нь 16, 37.5 хувь нь 17 настай хүүхдүүд байна. Өсвөр насны 1467 яллагдагчийн олонх буюу 70.1 хувь нь гэр хороололд амьдардаг нь судалгааны дүнд тогтоогдсон.
Боловсролын түвшнээр авч үзэхэд 32.7 хувь нь бага болон түүнээс доош, 55.1 нь бүрэн бус дунд, 11.2 нь бүрэн дунд, 0.9 нь тусгай дунд боловсролтой байсан.
– Хүүхэд гэмт хэрэгт холбогдоод байгаа гол шалтгаан, нөхцөлийг юу гэж тодорхойлов?
– Судалгааны дүнгээс үзэхэд, өсвөр насныхны үйлдсэн гэмт хэрэг жилээс жилд өсөх хандлагатай байна. Ялангуяа Улаанбаатар хотод 2022 оны III улирлын байдлаар өмнөх оныхоос 50.8 хувиар нэмэгдсэн. Тэр дундаа Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их үйлдэгдсэн нь анхаарал татаад байгаа юм.
Нийгмийн байдал, ажилгүйдэл, архидалт, өрхийн амьжиргааны түвшин, сургууль, цэцэрлэгийн завсардалт, эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ тавих анхаарал сул, цахим орчны хяналтгүй, зохисгүй хэрэглээ, аливаа мэдээ, мэдээлэлд бодитой дүгнэлт хийх чадамжгүй байдал зэрэг нь өсвөр насны хүүхдийг гэмт хэрэгт холбогдоход шууд нөлөөлж байна гэж дүгнэлээ.
– Судалгаанд тулгуурлан прокурорын байгууллагаас ямар ажил, арга хэмжээ авахаар төлөвлөв?
Цаашид төрийн болон төрийн бус байгууллага, бүх шатны боловсролын, хууль сахиулах байгууллагуудтай хамтарч өсвөр насны хүүхдүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэгт холбогдохгүй байхад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа.
Судалгааны мөрөөр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд уламжлах, мөн цагдаагийн байгууллагатай хамтарч өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, богино хугацаанд гүйцэтгэх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авах зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн.
Эх сурвалж: Өнөөдөр сонин №173 (7732)
0 cэтгэгдэлтэй