Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, “Вакцин” клубын сэтгүүлчид өнгөрөгч амралтын өдөр Монгол улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 60 хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг 45 жилийн түүхтэй Багануурын уурхайтай танилцах аялалд хамрагдаад ирлээ.
Өглөө эртлэн цугларсан сэтгүүлчид автобусандаа суусан цагаас л эхлэн инээлдэн хөгжилдөж, сонин хачнаа ярилцсаар явсан юм. Биднийг Багануурын зүг явж байгааг мэдсэн Хөх морьт адуу уналгын төвийнхөн замаараа өглөөний цайгаа уугаад гараарай хэмээн урьж, энэ зуны анхны айргийг амсуулж, халуун цай, боорцогоор дайлсан юм. Тэнд бид хэсэг зуур саатаад, монгол адууны гайхамшигийн талаар үнэхээр сонирхолтой лекц сонсоод аян замаа үргэлжлүүллээ. Ингэхдээ аян замын турш элдэв хөгжилтэй яриа өрнүүлэхийн зэрэгцээ АХА тэмцээн зохиох зэргээр уйдах завгүй явцгаалаа.
Ингээд зорьсон газраа ирэхэд Багануурт зөөлөн бороо шивэрч эхэлсэн юм. Хур дагуулж ирлээ гээд Багануур ХК-ийн хамт олон биднийг баяртайгаар угтан авч, аян замын алжаалаа тайлж өдрийн зоог барилаа. Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг сэтгүүлчдэд зориулсан уу гэлтэй эрүүл, амттай хоолоор дайллаа. Гэтэл Багануур ХК-ийн хамт олон Эрүүл уурхайчин төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Эрүүл мэнд бидний ходоод дахь дархны газарт урлагддаг” гэсэн уриатайгаар ажиллаж байгаа юм байна. Ажилтан албан хаагч бүр “Алтан уурхайчин” нэртэй апплекейшнийг ашигладаг бөгөөд энэ нь өдөр бүрийн идсэн хоолныхоо цэсийг оруулж, сарын эцэст хэчнээн ккал-тай хоол идсэн болоод юун дээр анхаарах ёстойг сануулдаг юм байна. Мөн Лхагва гараг бүр хоолны давсыг 25-40 хувь бууруулан олгож хэвшсэн байна.
“Багануур” ХК 1200 ажилтантай бөгөөд ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, спорт, урлаг гээд бүхий л чиглэлд гэр бүлийн хамтаар анхаарч, олон талт ажлыг зохион байгуулж байгаа нь тогтвор, суурьшилтай ажиллах үндэс болдог байна.
Эрүүл байхын нэг үндэс нь яах аргагүй спорт, биеийн тамир, хөдөлгөөн учраас уурхайн спорт цогцолборын үйл ажиллагаатай танилцуулахын зэрэгцээ сэтгүүлчдийн дунд ч хөгжилтэй тэмцээн зохион байгууллаа. Сүүлийн үед Багануурын уурхайчдын дунд модон бөмбөгийн спорт ихэд хөгжиж байгаа юм. Тиймээс энэ спортоор сэтгүүлчид ч өрсөлдөөд үзлээ. Энэ жил Уурхайчин спорт цогцолборын 15 жилийн ой тохиож байгаа юм байна.
Хоёр төрлийн тэмцээн зохиосноос “Өнөөдөр” сонины сэтгүүлч Бат-Ундрах, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ган-Очир нар алтан медалийн эзэн болж , Багануур уурхайн 45 жилийн ойн анхны медалийг хүртсэн юм.
Харин дараа нь мод үржүүлгийн газартай танилцсан. “Багануур” ХК-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж нэг сая мод тарьж ургуулахаар төлөвлөн 2022 оноос мод үржүүлгийн талбай байгуулжээ. Ингэхдээ модны үрийг худалдаж авахгүйгээр өөрсдөө түүж, тарьж ургуулж байгаа юм байна.
Дараа нь бид аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад уурхайтай танилцахаар хөдөллөө. Цаанаасаа л уурхайн хувцас өмсөөд эхэлсэн чинь уурхайчин болсон юм шиг сэтгэгдэл төрж байсан юм.
“Багануур” ХК нь улсын төсөвт жил бүр 30-33 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, ТОП 100 аж ахуйн нэгжид байр сууриа хадгалсаар ирсэн. Мөн нийгмийн хариуцлагын стратеги боловсруулан хэрэгжүүлсэн нь уул уурхайн компаниудын анхдагч болсон юм. Багануур ХК-ийн 2023 онд 683,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт нийгэмд үзүүлжээ. 2023 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 14,5 сая м3 уулын цулын ажил хийж, 8.8 сая м3 хөрс хуулж, 2,3 сая тонн нүүрс олборлон борлуулж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-107 хувиар биелүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” ХК 45 жилийн ойгоо угтаад компанийнхаа ирээдүйн хөгжилд чиглэсэн Эрүүл уурхайчин, Зөв үзэл хандлагатай уурхайчин, Эдийн засгийн чадавхтай уурхайчин, боловсролтой уурхайчин гэсэн 4 хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа аж.
Уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа Хэрлэн голын хөвөөн дэх “Багануур сувилал” руу хөдөллөө. Тэнд шинэхэн таван цулын шөл, хорхог идэж, агаарт хөгжилдөж нэгэн өдрийг өнгөрөөлөө.
Ийнхүү ирсэн зочин буцдагийн адилаар Эрүүл мэндийн чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлчид амьдралдаа нэгэн дурсамж нэмсээр буцлаа.
0 cэтгэгдэлтэй