Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос Засгийн газраас баталсан журам хэрэгжихгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.
Э.Оюунболд: УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ нар Засгийн газраас баталсан журмыг хэрэгжүүлэхгүй байна
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Гүйцэтгэх захирал Э.Оюунболд: Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь журамд тусгагдсан үүргийнхээ дагуу бичил уурхай эрхлэгчдэд Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу сургалт хийдэг. Өнөөдрийн байдлаар 14 аймагт 21 удаагийн сургалтыг хийжээ. Өөрөөр хэлбэл 711 нөхөрлөлийн 5917 бичил уурхайчдад сургалт хийж гэрчилгээ олгосон байна. Энэ гэрчилгээ нь бичил уурхайн үйл ажиллагаа явуулах газар хүсэх өргөдөл, олборлолтын гэрээ байгуулахад хэрэг болдог. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь журмынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл төрийн байгууллагуудын зүгээс энэ журмыг хэрэгжүүлэх хүсэл сонирхолгүй байгаад байна. Тиймээс журам зогсонги байдалд орсон. Шуудхан хэлэхэд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ нар Засгийн газраас баталсан журмыг хэрэгжүүлэхгүй байна.
Бизнесийн салбараас гарч ирсэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар иргэдийн амьдралыг огт мэддэггүй. Сум орон нутгийн иргэд хэрхэн яаж амьжиргаагаа залгуулдаг вэ гэдгийг ойлгохгүй байна. Ялангуяа бичил уурхай бүхий 19 аймгийн 65 сумын 9500 орчим иргэд болоод тэдний цаана байгаа хүмүүсийн амьдрал Ж.Ганбаатар сайдад огтхон ч хамаагүй аятайгаар ажлаа явуулж байна.
Нэг жишээ дурдахад Сингапурын хөрөнгө оруулалттай ганцхан компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна.
О.Цэцэгмаа: Монголын ард түмэн баялгийн эзэн болж төрчихөөд, ашиглаад үлдсэн газрын хусман дээр нь ажиллахдаа яагаад дарамтгүй байж болохгүй байгаа юм бэ
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Тэргүүн О.Цэцэгмаа : Бичил уурхай эрхлэгчид бол жинхэнэ амьдрахын төлөө тэмцсэн хүмүүс байдаг. БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ сошиал харж солиорч байхаар иргэд рүүгээ хандсан ажлаа хийгээч ээ. Өнөөдөр бичил уурхай эрхлэгчид эвдэгдсэн талбай дээр ажиллана гээд журамд тусгасан байдаг. Энэ нь эзэн холбогдогчгүй, 90-ээд оноос хойш сорчлоод ашигласан хаягдлыг ашиглах гэж байгаа хүмүүс. Яагаад өнөөдөр Монголын ард түмэн баялгийн эзэн болж төрчихөөд, ашиглаад үлдсэн газрын хусман дээр нь ажиллахдаа дарамтгүй байж болохгүй байгаа юм бэ. Хэрэгжүүлэх үйл ажиллагааг Засгийн газар батлаад өгсөн байхад, шат шатны байгууллага нь хүнд суртал гаргаад ажлаа хийхгүй байна. Бичил уурхай эрхлэгчид ашигт малтмал олборлоод нөхөн сэргээлтийг сайн хийдэг. Нөхөн сэргээлт хийгээгүй талбай байхгүй.
Ж.Мөнх-Эрдэнэ: Уул уурхайн том компаниуд эргээд сум орондоо юм хийдэггүй,
нөгөө л эвдсэн дүр төрхтэй хэвээрээ байна
Төв аймгийн Заамар сумын иргэн Ж.Мөнх-Эрдэнэ: Бичил уурхай эрхлэгчид бид ашиглагдаад үлдсэн шороон дээр ажиллах гэж байгаа юм . Уул уурхайн том компаний захирлууд манай сумаас төрсөн байдаг. Гэтэл нутаг орныхоо газар шороог эвдсэн хэрнээ өнөөдрийг хүртэл сум орон нутаг олон жилийн өмнөх шигээ л дүр төрхтэй байна. Ямар ч нутаг орноо гэсэн сэтгэл байдаггүй.
0 cэтгэгдэлтэй