НИТХ-ын ээлжит бус X хуралдаан үргэлжилж байна. Төлөөлөгчид нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. Энэхүү нэмэлт тодотголын хүрээнд 108 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд авах чиглэлээр 14 байршлын 93.5 га газарт, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгах, газрын төлбөрийг нэмэгдүүлэх хүрээнд 43 байршлын 1010 га газарт, нийтийн эдэлбэрийн байршил, хэмжээг тогтоох чиглэлээр 50 байршлын 7.2 га газарт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Мөн нөхөн олговортой газар чөлөөлөх чиглэлээр дөрвөн арга хэмжээг төлөвлөөд буй. Харин барилга байгууламжийн газрыг чөлөөлөх хэсэг гурван байршлын 0.3 га газарт, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн газрыг чөлөөлөх чиглэлээр нэг байршилд арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Уг асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлэн, санал хэлсний дүнд нэмэлт өөрчлөлтийг редакцын засвартайгаар батлахаар болов. Тухайлбал, газрын цахим өмчлөлтэй холбоотойгоор иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусгай хамгаалалттай газрын өмчлөлийн давхцалыг арилгах тэргүүтэй асуудлаар төлөөлөгчдийн саналуудыг тусган оруулахыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцоллоо.
0 cэтгэгдэлтэй