Том төслүүд том мөрөөдөл үү, эсвэл…

tsenzuurmn 2025-02-14

Олон улсад мега төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, нэг төсөлд ногдох санхүүжилтийн дүн сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа юм.  Тэр ч утгаараа Монгол Улсын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татах боломж өндөр байгааг судлаачид дүгнэжээ. “Зууны мэдээ” сонин хоёрдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” булангаараа  томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд ямар ач холбогдолтой болохыг онцолж, 25 экспертийн байр суурийг хүргэж байна.

Асуулт:
-Засгийн газраас 14 том төслийг хэрэгжүүлэхээ зарлаж, эхнээсээ том төслүүдийг хөдөлгөж эхэлснээ мэдэгдсэн. Ер нь том төслүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү: Том төслийн ач холбогдол цаглашгүй

Бүр түүхэн ач холбогдолтой. Хөгжлийн хурдны энэ XXI зууны Монголын имиж болох ёстой. Харин ч их хожуу эхлүүлж байна. Оройтсон ч одоо бүх эрчээрээ, бүх ард түмнээрээ энэ том төслүүд рүү уухайлан орох хэрэгтэй. Цаг алдаж цалгардаж, урсгалаар нь орхиж, ард түмэндээ итгэн хар зөнд нь орхиж болохгүй. Төр-засаг өнөөг хүртэл хийж хэрэгжүүлж чадаагүй, хий уриалахаас цаашгүй явж ирсэн ажилгүйдэл, ядуурал, хот-хөдөөгийн ялгаа, хөдөөгийн хоцрогдол, хотын их утаа, түгжрэлээ чухам мега төслүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд шийдвэрлэх ёстой. Тэр утгаар хөгжлийн зэвсэг гэж би харж байна. Ардчиллын 34 жилд Төр-засгаас ард иргэдтэйгээ тулж ажиллахгүй, халамжлах нэрээр ажилгүй, ядуу, ажлын чадваргүй болгосны тэр хохирлыг даруй нөхөхгүй бол бид ертөнцийн шившиг болоход тун ойртсон шүү. Энэ их ядуу, ядуугийн гол шалтгаан-ажлын чадваргүй, түүнээсээ болж худалдан авах чадваргүй, мөнгөгүй түг түмэн хүнээ яах вэ хэмээн би дандаа ам асуудаг. Тиймээс том төслүүд “МОНГОЛ ХҮН” рүү шууд чиглээсэй, тэднийг чадваржуулаасай, мөнгөтэй орлоготой болгоосой, амьдралд хайртай болгоосой гэсэн хөшүүрэг болгохыг уриалан дуудъя!

Ж.Дэлгэрсайхан СЭЗИС-ийн багш, эдийн засагч: Том төслүүдийн хэрэгжилтэд эрсдэл ихтэй гэдгийг хэлэх хэрэгтэй

-Засгийн газраас 14 мега төслийг зарлаж, тодорхой төслүүдийг хөдөлгөж эхэлж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой. Учир нь энд бидний олон жил хийхийг зорьж ирсэн болон хийх шаардлагатай дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүд багтсан. Гэхдээ эдгээрийг маш зөв төлөвлөж Монгол Улсын эдийн засагт үр ашигтай байдлыг сайн тооцож эрэмбэ дараатай хэрэгжүүлэхгүй бол эсрэгээрээ эрсдэл болж хувирч болзошгүй. Учир нь төслийн удирдлага, санхүүгийн загвар, хэрэгжилтийн хувьд мега төслүүд дээр  алдаа гарах эрсдэл ихтэй гэдгийг бидний туршлага харуулж байна.Тиймээс бидний хувьд одоо эхлүүлж байгаа төслүүдийг хугацаанд нь чанартай дуусгах тал дээр төлөвлөлт, хяналт, хариуцлагыг онцгой анхаарах шаардлагатай. Тэгээд хэт өөдрөг төсөөлж бүгдийг зэрэг гэхгүйгээр үр ашигтай байдал нь бүрэн батлагдсан төслүүдийг зөв удирдлага, санхүүжилттэйгээр  эрэмбэ дараатай хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхгүй бол өнөөгийн улс төр, засаглалын нөхцөл байдал, авлига буурахгүй байгаа нөхцөлд хэт их хэмжээний санхүүжилттэй томоохон төслүүдийг бөөнөөр эхлүүлэх нь эрсдэлтэй юм. Дахин хэлэхэд эдгээрт чухал төслүүд бий, хэрэгжүүлж чадвал эдийн засагт томоохон түлхэц болох боломжтой.

Эдийн засагч Р.Шинэгэрэл: Том төслүүдийг хөдөлгөх нь олон талын ач холбогдолтой

-Мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт дэвшил авчрах, эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, экспортын орлого нэмэгдэх боломж бүрдэх, шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, дэд бүтцийн хүртээмж сайжрах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон талын ач холбогдолтой. Гагцхүү тэдгээр төслүүдэд төрийн оролцоог аль болох хамгийн бага байлгах шаардлагатай байна. Хувийн хэвшил хийх боломжтой төслүүдийг зуун хувь тэднээр хийлгэх хэрэгтэй. Өнөөдрийн төрийн эдийн засгийн монопольчлолыг задлахад чиглүүлэх ёстой. Өнөөдөр засгийн газрын нэрлэж байгаа 14 төслийн дийлэнхийг нь хувийн хэвшил гадаад дотоодын хөрөнгө оруулалт татаад хийж гүйцэтгэх бүрэн боломжтой. Эдгээр төслүүдээс төр хэрэгжүүлж байгаа зарим нэг төсөл бараг арав дах жилдээ явж байгаа, анхны төсөвт өртөг нь маш ихээр нэмэгдсэн, тус төсөл амжилттай хэрэгжих эсэхэд олон нийт эргэлзсэн байдалтай байна. Төр засаг ийм алдаагаа дахин давтах шаардлагагүй.

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Н.Сувд: Том төслүүдийг засгийн газар дэмжиж ажиллах нь зөв

-Мега төслүүдийг хэрэгжүүлснээр Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой. Бидний өдөр тутмын амьдралд Оюу толгойн төсөл орж ирснээр манай улсын эдийн засгийг хэдэн хувиар өсгөсөн билээ гэдгээ бид бодох л хэрэгтэй. Мөн 2007,2008 оноос хойш харагдаагүй эдийн засгийн өсөлт хөгжлийг авч ирсэн. Урд нь 14 мега төсөлтэй төстэй төслүүд олон яригддаг байсан. Эдгээр төслүүд нь хэр үр дүнтэй байхыг мэдэхгүй ч ажил хэрэг болгож яваасай гэж бодож байна. Оронагаас Засгийн газартай хийсэнтэй төстэй хоорондын гэрээ, төслүүдийг засгаас дэмжиж ажиллавал монголын эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж харж байгаа.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од: Томоохон төслүүдийг танхимд бүртгэлтэй хувийн хэвшлээр  хэрэгжүүлэх хэрэгтэй

-Хамтарсан Засгийн газраас 149 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Үүнээс 14 мега төслийг 100 хувь улсын төсвөөр санхүүжүүлж хэрэгжүүлэх боломжгүй. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль баталж 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.  Уг хуулийн дагуу хувийн хэвшил буюу бизнесийн байгууллагууд  гадаад, дотоодын Олон улсын санхүүжилтийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хамтран босгож хэрэгжүүлэх боломжтой гэж МҮХАҮТ-ын зүгээс үзэж байгаа. Мэдээж эдгээр мега төслийн хувьд хамгийн гол асуудал дэд бүтцийн хөгжил буюу тээвэр ложистек, төмөр зам, бонд зэрэг болно. Үүнтэй холбоотой төслүүдийг эхний ээлжид хөдөлгөх ёстой. Ингэснээр байгалийн баялгийг олборлоод зогсохгүй баяжуулж нэмүү өртөг шингэсэн төслийг нэн түрүүнд явуулах нь зүйтэй. Мөн санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг харгалзах ёстой. Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад энэ оны эхнээс хэрэгжиж байна. Эдгээр холбоодыг бүртгэж төслүүдэд хамруулах ажил 1-2 сар гаруй хугацаанд үргэлжилж хугацаа алдахаар байна. Тиймээс эхний ээлжид мега төслүүдийг МҮХАҮТ-ын шугамаар хэрэгжүүлэх нь зөв.

Эдийн засгийн форумын зөвлөл”-ийн тэргүүн Ч.Ганхуяг: Бөөрөлжүүтийн станцтай болсон туршлагыг 14 том төсөлд хэрэгжүүлэх ёстой

-Төр хувийн хэвшил хамтарч хэрэгжүүлсэн төсөл амжилттай явж буйд маргах хэрэггүй. Хамгийн наад зах нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц байна. Энэ практикийг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Төр бүгдийг хийхийн төлөө явдаг биш, хувийн хэвшилтэйгээ хамтраад бодлого зохицуулалтаар эрх зүйн орчныг нь бүрдүүлж явуулах санаа нь бол байна. АНУ-д хувийн хэвшлүүд нь сансарт пуужингаа нисгэж байна. Түүнчлэн Батлан хамгаалахын салбарыг  тэр чигт нь  хувийн хэвшил нь хамгаалж байна. Төр нь тусгай зөвшөөрөл, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд хийлгэж байна. Энэ нь үр дүнтэй байна. Хүйтэн дайнд хувийн хэвшил нь ялаад гарч ирж байна гэдэг өөрөө энэ концепц нь зөв гэж ойлгогдож байна. Тэгвэл Монгол Улсыг хөгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого, хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төсөл яах аргагүй явах ёстой. Үүнийг гадаад, дотоодын хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх ёстой. Мэдээж геополитекийн,  эдийн засгийн асуудлыг судлах хэрэгтэй. Энэ асуудлыг улс төр нь дипломат аргаараа зохицуулах хэрэгтэй. Хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах нь гол асуудал. Улс төр, бизнес хоёр нь тус тусдаа л явах хэрэгтэй.
СЕО клубын ерөнхийлөгч Б.Гантулга: 14 гэх тоонд баригдаж төсвийн зардлыг замбараагүй нэмж болохгүй

-Монгол Улсад томоохон төслүүд хэрэгжээд явах ёстой. Ялангуяа төмөр зам, дулааны цахилгаан станцуудын төслүүд хэрэгжих нь зөв гэж хардаг. Харин 14 гэдэг тоо хаанаас гарч ирсэн бэ. Яагаад 9,10 биш 14 юм бол гэсэн асуулт байдаг. Монгол Улсын эдийн засгийг тэлэх, эдийн засгийг улам томруулах боломжтой мега төслүүд энд бий. Миний хувьд дэмждэг. Нөгөө талаас 14 гэсэн тоондоо баригдаад төсвийн зардлыг замбараагүй нэмж байгаа нь таалагдахгүй байна. Дэс дарааллын хувьд яагаад бага тооноос эхэлж болоогүй вэ. Мөн ач холбогдол, яаралтайгаар нь ангилаад эрэмбэлээд явах хэрэгтэй байсан болов уу. Мега төслийн 14 гэсэн тоонд л их учир байна гэж боддог.

Улаанбаатар худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Төслийн эрэмбээ сайжруулж орчноо зөв болгох хэрэгтэй

-Хамтарсан засгийн үед томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь мэдээж зөв. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд 14 төслийг нэг дор хэрэгжүүлээд явна гэдэг нь хүнд байх магадлалтай. Хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүй зарим төслүүд нь эхлээгүй гэх мэт дутуу ажлууд мөн байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлж чадвал эдийн засагт тэлэх боломж бүрдэнэ. Бодит боломж бололцоо талаас нь харахад тийм ч итгэлтэй биш байгаа. Мөн эрэмбэлээд эхний ээлжид эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь маш чухал. Яагаад хөдөө орон нутагт компаниуд үйлдвэрээ байгуулдаггүй вэ гэвэл найдвартай эрчим хүч байдаггүй. Тиймээс эдгээр төслүүд хэрэгжих ёстой. Харин төсвийн эх үүсвэртэй хөрөнгөөр хийж байгааг нь эдийн засагч хүний хувьд эсэргүүцэж байгаа.

ШУА-ийн жинхэнэ гишүүн, шинжлэх ухааны гавьяат ажилтан Ц.Нанзад: Маш зоримог алхам

-Монгол Улсын Засгийн газар 14 мега төслийг хөдөлгөж эхэлж байгаа нь маш сайшаалтай бөгөөд зоримог алхам. Улс орны эдийн засгийн хөдөлгөх хүч болсон үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь маш зүйтэй. Хиймэл дагуулын төсөл ирээдүйд их хэрэгтэй, даруйхан эхлэх хэрэгтэй төсөл гэж харсан. Сүүлийн үед өртөг өндөр гээд чимээгүй болчихлоо. Энэ хиймэл дагуулын үргэлжүүлж, үр дүнг нь хүртэж чадвал маш өгөөжтэй шинэ технологийн төсөл гэж ойлгож байна. Метроны эхний шугамыг барих ажлыг багагүй ярьж байсан. Монгол залуучууд Оюунтолгой төслийн 200км газар доорх бүтээн байгуулалтыг ганцхан жилийн дотор хийж чадсан. Тийм учраас метроны төслийн газар доорх бүтээн байгуулалтыг хэдэн сарын дотор ч дуусгах боломжтой.Мега төслүүдийг хөдөлгөж байгаагийн зэрэгцээ анхаарах асуудлууд ч бас бий. Ялангуяа Богд уулыг нүхэлсэн туннелийг барьж байгуулахдаа маш болгоомжтой байж, мэргэжлийн хандах хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Монгол Улсын гавъяат барилгачин, зөвлөх инженер О.Балдорж: Бага ярьж ихийг хийх нь чухал байна

-Аливаа бүтээн байгуулалт Монгол Улсын, Монголын ард иргэдийн хөгжил дэвшил сайн сайхны төлөө хэрэгжиж байвал энэ бол жинхэнэ “мега төсөл” болно. Төсөл их бага том жижигтээ биш ач холбогдолдоо байдаг. Засгийн газраас төлөвлөж байгаа 14 мега төсөл бүгдээрээ ач холбогдолтой.  Өнөөдрийн манай улсын хөгжил дэвшил, ард түмний аж амьдралд маш чухал бүтээн байгуулалтууд. Маш их ярьж, хэтэрхий удаан хэлэлцэж байна. Дэндүү их бичиг цаас бүрдүүлж байна. Сүүлийн 35 жил ганц ч томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжсэнгүй.  Хэрэв ард түмнээс асуугаад олонх ач холбогдол өгч дэмжсэнээр хэрэгждэг бол би 100 дахин дэмжиж байна. Хамгийн гол нь бага ярьж ихийг хийх нь чухал. Ач холбогдол нь Монгол Улсын тусгаар тогтнол бэхжиж, Монголын ард иргэд эх орондоо гачигдаж  зовох зүйлгүй, сэтгэл амгалан тайван амьдрах үндэс суурь болно гэж бодож байна.

Хятад судлаач Б.Баатархүү: 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрнэ

-Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьсон эдгээр 14 мега төслийн эрэмбэлсэн байдал болон хэрэгжих хугацаа зэргээс харахад манай улсын эрчим хүчний аюулгүй байдал хангагдах зорилго биелэх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үзэж байна.  Мөн эдгээр төслүүдээ бүрэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна гэж судлаачид үзсэн байсан. Шууд байдлаар хүртэх санхүү эдийн засгийн орлогоос гадна шууд бус нөлөөллүүд ч гэсэн их юм. Тухайлбал, Манай улсын зээлжих зэрэглэл эрс дээшилж, зээлийн хүү мэдэгдэхүйц буурна. Гадаадын хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж улмаар дэд бүтцийн холболтын тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ. Бидэнд нэн шаардлагатай байгаа уул уурхайн бус салбарын буюу шинжлэх ухаан, өндөр технологид оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж ингэснээр өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл, ногоон эдийн засгийн суурь бий болж эдийн засаг төрөлжинө. Дэлхийд өрсөлдөхүйц шилдэг хүний нөөц болсон залуус эх орондоо буцан ирэхийн зэрэгцээ тэднээр дамжин тэргүүлэх шинэ технологи нутагших зэрэг олон чухал ач холбогдолтой.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Э.Цэцэгсайхан: Нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэж байгаа нь хамгийн чухал

-Томоохон төслүүдийг хөдөлгөж байгаагийн хамгийн гол чухал ач холбогдол нь ерөөсөө л нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн юм.  Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил  ч үүгээр хэмжигддэг шүү дээ.  Засгийн газраас мега төслүүдийг хөдөлгөж  энэ дүнг 10 мянган ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байна.  Энэ бол хамгийн чухал.   Үүнийгээ дагаад бидний цалингийн хэмжээ өснө. Эрүүл мэнд, боловсролын тогтолцоо сайжирна.  Нийгэмд шийдлээ хүлээж буй олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна.  Ер нь эдийн засгийн үндсэн суурь асуудал бол ядуурал шүү дээ. Томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээр нийгмийн суурь үзүүлэлт болсон дээр асуудлууд системтэйгээр шийдэгдэх нь байна гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 29 (7525)