Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзав.
Урт удаан хугацааны баялаг түүх, олон жилийн уламжлалтай манай хоёр ард түмний нөхөрлөлд суурилсан Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дайн тулалдааны хүнд бэрх үед ч, энх цагийн бүтээн байгуулалтын он жилүүдийг ч туулж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж байгааг Шадар сайд уулзалтын эхэнд онцлоод, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины айлчлалын үеэр хоёр орны, боловсрол, шинжлэх ухаан, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцсаныг хэллээ.
Тэрбээр, “Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн даргын хувиар би ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой ойр хамтарч ажилладаг. Бид Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ЗГХК-ын өмнөх хуралдаанаар ярьсан асуудлыг ажил хэрэг болгох талаар санал солилцох ЗГХК-ын 26 дугаар хуралдааныг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна. Засгийн газар ирэх 4 жилд 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Эрчим хүч, төмөр зам, зам тээвэр, байгаль орчин, нефть, хийн хоолой, байгалийн хий, хүнс хөдөө аж ахуйн салбаруудын боловсон хүчнийг бэлтгэх, суралцагчдын тоог нэмэх боломж бүрдүүлж байна. Манай улсын хувьд эрчим хүч, нефть, зам тээврийн салбарын үе үеийн эрдэмтэн судлаачдаа ОХУ-д бэлтгэж ирсэн түүхтэй. Монголд эрэлттэй байгаа мэргэжлээр оюутан залуусыг ОХУ-д суралцуулах, мөн монгол залуус эх орондоо энэ чиглэлээр суралцах боломжийг олгож буйд талархал илэрхийлье” хэмээжээ.
0 cэтгэгдэлтэй