Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд зарласан “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран нөлөөллийн олон арга хэмжээ зохион байгуулсан.Үүний нэг нь дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд зарласан видео контентын уралдаан юм.
Уралдаанд нийт 28 бүтээл ирснээс Тэргүүн байрт 38 дугаар сургууль, Дэд байрт 113 дугаар сургууль, Гутгаар байрт 141 дүгээр сургууль шалгарлаа. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас 66 дугаар цэцэрлэг тэргүүлэв.
Шилдэг видео контент бүтээсэн сургууль, цэцэрлэгүүдэд шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2024.05.31/ болж, дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ, “Өнөөдөр хүүхдүүдийн өмнө тулгардаг нэг асуудал бол үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхалт байдаг. Тиймээс дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, хор уршгийг хүүхдүүдэд сурталчлан таниулах зорилгоор “Видео контент”-ын уралдаан зарласан. Энэхүү уралдаанд дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийг түүчээлж манлайлан оролцож, шалгарсан та бүхэндээ талархаж байна. Олон хүнд хүрсэн, үр өгөөжтэй, үр дүнтэй ажил боллоо” хэмээн онцлов.
Шагнал гардуулах арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Ажлын алба, Цагдаагийн газрын удирдлагууд мөн оролцож, шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгийн хамт олонд баяр хүргэж амжилт хүссэн юм.
0 cэтгэгдэлтэй