МАН-аас сонгуулийн санал хураалттай холбогдуулан Ардчилсан намын нэр дэвшигчдийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл гаргаж буй баримтууд удаа дараа ирж, нотлогдож байгаа талаар олон нийтэд мэдээлэл өглөө.
Тодруулбал, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва: “Санал хураалт эхлээд долоон цаг гаруй болж байна. Сонгуулийн ирц урд жилүүдэд байгаагүй өндөр ирцтэй үргэлжилж байна. Гэвч Ардчилсан намын зүгээс хууль зөрчсөн хэд хэдэн зөрчил гаргаж байна. Тухайлбал,
-Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтыг гар утас, мессежээр иргэд сонгогчдыг төөрөгдүүлэх зорилгоор хийж байгаа баримт батлагдаад байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт сумдад оюутнуудыг тэтгэлэгт хамруулна хэмээн худал амласан тохиолдол гарлаа.
Ардчилсан намын мөнгө тараалт бүх тойрогт хэрээс хэтэрлээ. Тухайлбал, Булган аймгийн Ардчилсан намын хорооныхон иргэдээс хувийн мэдээлэл регистрийн дугаарыг тулгаж мөнгө тарааж байсан нь үйлдэл дээрээ баригдаж баталгаажлаа. Өвөрхангай аймгийн Ардчилсан нам 150 мянган төгрөг тарааж байгаа үйлдэл нотлогдлоо.
Ардчилсан намаас дөрөвдүгээр тойрогт нэр дэвшиж байгаа Г.Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд 27-ны өдөр буюу өчигдөр зах худалдааны төвүүдэд иргэд сонгогчдын гарт нь бариулах, хүчээр тараах ийм дүр зураг гарч, баталгаажлаа. Үүнийг бичлэгээр баталгаажуулж холбогдох байгууллагад өгсөн. Өвөрхангай аймагт Ардчилсан намыг дэмжээрэй хэмээн 300 мянган төгрөгийг айл өрхүүдэд тараасан зөрчил гарлаа. “Та хэдийг саналаа өгч байхад харж байгаа”, “ажиглаж байгаа” гэж иргэдийн гар утас руу мессеж бичих зөрчил гарч байна.
Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зааварчилгаа өгч байгаа эрх бүхий хүн АН-ыг дугуйлаарай хэмээн иргэний сонголтод нөлөөлөх оролдлого хийлээ. АН-ын ажиглагчид иргэдийг саналаа өгөх явцад иймэрхүү байдлаар саналд нь нөлөөлөх оролдлого хийж байна. Иймэрхүү хууль бус үйлдлээ зогсоохыг албан ёсоор та бүхнээс шаардаж байна.
Хүн зөөх асуудал маш их гарч байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Баянхонгор аймаг, Өмнөговь аймагт дугааргүй машинтайгаар иргэдийг бүлэг болгон зөөж буй дүр зураг удаа дараа ажиглагдлаа.
Ийм учраас МАН-ын зүгээр эдгээр зөрчлүүдийг шалгуулахаар холбогдох байгууллагад хандаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. МАН-ын Төв штаб сонгуулийн сурталчилгааны явцад холбогдох хууль журмыг огт зөрчөөгүй” гэлээ.
0 cэтгэгдэлтэй