“Шинэ хоршоо хөдөлгөөн” -ий хуулийн төсөл малчдыг өрөнд оруулж барьцаалах замаар монголын маргаашийг ангалын ирмэг дээр түлхэж Монгол Улс дааж, давшгүй их өрөнд орох нөхцөлийг бүрдүүллээ
Ардчилсан намаас Уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн эдийн засаг болоод төсвийн хүрээнд ачаалал үүсгэх эрсдэлийг бий болгож байгаа талаар мэдээлэл хийлээ.
Улс төрийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч М.Чимэддорж: Монгол банкны зээлийн мэдээллийн санд байгаа хугацаа хэтэрсэн зээлийн мэдээллийг устгаж байгаад малчид зээл авах урьдач нөхцөлийг бүрдүүлсэн. Уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь Монгол Улсын Их Хурлын төсөв батлах бүрэн эрхийг Засгийн газарт хоёр дахь удаагаа шилжүүлж байгаа үйлдэл юм. Өмнө нь цар тахлын нэрийг барьж УИХ-ын төсөв батлах бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн. Тухай үеийн төсөв ойролцоогоор 20 гаруй их наяд болсон. Эндээс 5 их наяд орчим нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан нь мөн яг энэ хуулийн заалтыг ашигласан. Эрх баригчид төсвөө хоорондоо шилжүүлдэг, төсвийн зориулалтыг өөрчилж зарцуулдаг ийм эрх зүйн орчныг нээж байгаа нь Засгийн газар дураараа авирласан хэрэг болж байна. Тодруулбал, ирэх намар багш, эмч нарынхаа цалинг өгөх мөнгийг малчдад зээл олгож гаргах эрх зүйн орчныг нээсэн нь аюул дагуулсан үзэгдэл болж байна. Сонгуулийн өмнө их хэмжээний мөнгийг зарцуулж малчдыг дааж, давшгүй өрөнд оруулах нөхцөлийг бүрдүүллээ. Өрөнд оруулж барьцаалах замаар монголын маргаашийг ангалыг ирмэг дээр түлхсэн хуулийг нэг өдрийн дотор баталж байгаа нь Монгол Улс дааж, давшгүй их өрөнд орох нөхцөлийг бүрдүүлж байгааг дахин онцлов. Цаашлаад Монгол Улсын төсөв дээр Уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн эдийн засаг болоод төсвийн хүрээнд ачаалал үүсгэх эрсдэлийг бий болгож байна гэв.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, хуульч Х.Номингэрэл: Уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь судалгаа, шинжилгээ ямар нэг тооцоололгүй, нөгөө талаар төсвийн хууль болоод бусад хуулиудын дээр өөрийгөө гаргасан хууль боллоо. Төсвийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг алгасаж сонгууль угтаж малчдад шинэ хоршоо нэрийдлээр зээл, бэлэн мөнгөний хөтөлбөр хэрэгжүүлэхээр нэн яаралтайгаар хууль батлагдаж байна. Монгол Улс Үндсэн хуульт ардчилалтай. Үндсэн хуульдаа эрх мэдэл хуваарилалтын тогтолцоо оршин байгаа нь Үндсэн хууль оршиж байгаагийн мөн чанар гэж ойлгодог. УИХ-ын төсөв батлах үндсэн бүрэн эрх нь хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол тодотгол гэдэг процессоор хийгддэг. Гэтэл энэ зүйлүүдийг алгасаад Монгол Улсын хууль тогтоомжийн түүхэнд хоёр дахь удаагаа заалт оруулж ирсэн нь Монгол Улсын төсөв баталдаг процессыг бүгдийг нь хууль зөрчиж, сонгууль угтсан өөрчлөлтийг хийж 5 их наядын хөтөлбөрийг орууллаа.
Эдийн засагч А.Батпүрэв: Монгол Улсад хоршоо гэдэг бүтцийг бий болгох гэж их олон жил оролдож байна. Зээл өгснөөр хоршоо хөгждөггүй. Энэ сангаас гарсан нийт зээлүүдийн 80% нь чанаргүй зээлийн ангилалд багтах болсон байна. 2023 оноос зээлийн мэдээллийн санд бүртгэсний үр дүнд эргэн төлөлт бий болж чанаргүй зээл нь 40% орчимд хүрсэн. Гэтэл энэ онд зээлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг нэг удаа цагаатгах буюу өршөөл үзүүлэх гэдэг байдлаар тэглэсэн. Ингээд үзэхээр манай санхүүгийн системд зээлийн хариуцлага гэдэг зүйлийг үгүй хийж байна. Зээлийг хүчээр малчдад өгч байна. Өөрөөр хэлбэл, малчид хоршоонд хөрөнгө оруулах зорилгоор зээл авч байна. Энэ нь эдийн засгийн ямар нэг үр ашиггүй учраас маш их хэмжээний өрөнд орохоор байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүйгээр зарцуулж байгааг онцоллоо.
0 cэтгэгдэлтэй