Д.Амарбаясгалан: Манай улсын бүх хилийн боомтоор гурил, тэжээл татваргүй орж ирэхээр боллоо

tsenzuurmn 2024-05-1

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх хууль батлагдаж, энэ долоо хоногт албан ёсоор хэрэгжихээр боллоо.

Тодруулбал манай улсын бүх хилийн боомтоор гурил, тэжээл татваргүй орж ирэх нөхцөл хангагдлаа. Татваргүй болж байгаатай холбогдуулан УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг өгсөн. Тодруулбал найман зүйл заалттай тогтоол байгаа.

  • Дотоодын үйлдвэрлэлийн аюулгүй нөхцөлийг хангах, импортын гурил, тэжээлийн хэм хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг Засгийн газар зохицуулж байх эрхээ авсан.
  • Дотоодын улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жил бүр стратегийнхаа нөөцөд 100,000 тонн хүртэлх улаанбуулайг худалдан авах зохицуулалтыг оруулсан.

Тариаланчид улаанбуудайгаа хадгалах агуулах, сав байдаггүйн улмаас гурилын үйлдвэрүүд дээр аваачиж өгөхөөс өөр сонголтгүй. Нэгэнт ачаад оччихсон улаанбуудайг ямар үнээр худалдаж авах нь гурилын үйлдвэрүүдийн өөрсдийнх нь сонголт байсан.

Тэгвэл төрийн мэдэлд байгаа 182,000 тонныг хадгалах зориулалт бүхий агуулахыг улаанбуудай тариаланч нарт зориулалтынх нь дагуу ашиглуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болгосон байдаг.

Ингэснээр улаанбуудай тариаланчид гурилын үйлдвэрүүдийг гуйж хадгалуулдаг, зарж борлуулдаг нөхцөлөөс ангижирна. Улмаар улаанбуудайн зах зээл нь цэвэр бизнесийн зарчим буюу биржээр худалдаалагдаж гурилын үйлдвэрүүд улаанбуудайгаа өрсөлдөж авдаг болох нөхцөлийг бүрдүүлж өгсөн” хэмээв.