Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцоно.
Монгол Улсад хоёр дахь жилдээ “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэгт Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид үндсэн есөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бодлогын оновчтой шийдэл, сайн туршлагын талаар санал бодлоо солилцоно. Тухайлбал, “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн шударга бус байдлыг тодорхойлох нь”, “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт”, “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах”, “Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” зэрэг сэдвийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хөндөн хэлэлцэх юм. (Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй МОНГОЛ, АНГЛИ хөтөлбөрийг үзнэ үү)
Мөн салбар хэлэлцүүлгүүдээр Алтай дамнасан бүс нутгийн язгуур түүх, хэл, археологи, соёлын түүхэн болон өнөөгийн судалгаа, төлөвийн талаар судлаачид хэлэлцүүлэг өрнүүлнэ.
ХБНГУ-ын Боннын Их сургуулийн судлаач, Алтай судлаач Аттила Матеффи, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн ухааны факультетийн декан Проф.Др.Сабан Доган, Эль Фарабийн нэрэмжит Казак Үндэсний Их сургуулийн Филологийн факультет, Түрэг судлал, хэлний онолын тэнхимийн доктор Др.Султанбек Кутлугжон, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Проф.Др.Юки Конагаяа, Азербайжаны Үндэсний Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Проф.Др.Иса Хабиббайли, БНСУ-ын Гимхэ үндэсний музейн захирал Проф.Др.Юн Хён Вон нарын эрдэмтэд салбар хэлэлцүүлэгт панелистуудаар оролцож, санал бодлоо хуваалцана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй