Сэтгүүлч Т.Шинэбаяр Шадар сайд С.Амарсайханыг огцруулахыг шаардаж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Он гарсаар дөрвөн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа. Эмгэнэл илэрхийлэхдээ араас нь хоёр өрөө орон сууц өгдөг. Монгол хүний амь нас ердөө байрны үнэтэй болчихсон юм уу. Ард нь өнчирч үлдэж байгаа хүүхдүүд яах вэ?
Өнөөдөр онцгой байдлын салбар хамгийн ядуу, ажиллаж буй залуус нь хамгийн бага цалин авдаг. Алба хаагчдад нь олигтой ч усны гутал байдаггүйг өнгөрсөн зуны үерээр харсан. Гэтэл энэ салбарыг хариуцаад ажиллаж байгаа сайд нь төрөөс төрсөн тэрбумтан, олигархи.
10 жилийн өмнө шадар сайд С.Амарсайханы үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 10 тэрбум байсан.
Манай онцгой байдлын алба хаагчид хангалттай хувцас, хэрэгсэлгүйн улмаас улаан гал руу гүйж ороод амь насаа алдаж буй хүнд дүр зураг харагдаж байна. Гэтэл энэ салбарыг хариуцсан Монгол Улсын Засгийн газрын шадар сайд С.Амарсайхан “Сошиал орчинд хэн намайг шүүмжилж, миний эсрэг дуугарч байна вэ” гэдгийг хянаад л сууж байдаг.
Монголд гурван жилийн дотор том хорооллууд босоод л байдаг. Гэтэл онцгой байдлын алба хаагчдын байр нь 10 жилийн хугацаа өнгөрөхөд ашиглалтад ороогүй. Дулаан байранд оръё гэхээр хамаг мөнгийг нь урьдчилгаанд авчхаад 10 жил гацаагаад байдаг.
Бараг айлын жорлон бөглөрлөө гэхэд л онцгойн алба хаагчдыг дуудаж байдаг. Гал гарах, үер болох бүрд дуудагддаг. Үнэндээ тэднийг морь, нохой мэт ажиллуулж байгаа.
С.Отгонбаяр гэх өөрийнх нь төрсөн ах онцгой байдлыг хариуцсан сайдаар ажиллаж байсан. Авлига, албан тушаалын хэргээр дөрвөн жилийн ял аваад явсан. Одоо өршөөлийн хуульд хамрагдаад гарчихсан байгаа.
Яагаад түүний ах, дүү онцгой байдлын сайд хийгээд байгаа юм бэ. Тэдний ямар эрх ашиг онцгой байдалд байгаа юм. Энэ бүхнийг хардаж байна” гэв.
0 cэтгэгдэлтэй