УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бага насны хүүхдийг цагдаагийн дөрвөн алба хаагч хүчиндсэн гэх хэрэг гарсан байна. Үүнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Иргэдийг гэмт хэргээс хамгаалах үүрэгтэй хуулийн байгууллагынхан нь гэмт хэрэг үйлдэж байна. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүнийг гадаадын улс орнуудад ил зарладаг. Харин хохирогчийг ил гаргах хэрэггүй.
Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг МАН засгийн эрх авангуутаа яаралтай татан буулгасан. Засгийн газрын харьяа байгууллагууд цагдаа нараа шалгаж буй нь ашиг сонирхлын зөрчилтэй.
Энэ Засгийн газрын үед ёсзүйн хариуцлага хүлээдэг албан тушаалтан алга. Хуульд өөрчлөлт оруулж, УИХ нь Засгийн газартаа хяналт тавих боломжгүй болгосон. Одоо татвар төлөгчдийн мөнгөөр хурал, форум хийж байна.
АН-ын бүлэг бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн асуудлыг ярилцаж, ажлын хэсэг байгууллаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хохирогч охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байдаг. Гэтэл туслах үүргээ гүйцэтгэхийн оронд өөрт байгаа мэдээллийг буруугаар ашиглаж, жигшүүрт хэргийг үйлдсэн нь маш ноцтой.
Мөрдөн байцаалтаар нарийн зүйлийг гаргаж ирэх байх. Монгол Улсад гэмт хэрэгтнүүдээс иргэдийг хэн хамгаалах нь эргэлзээтэй боллоо. Цагдаа нь иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна.
УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж байгаа ажлын хэсэг яагаад ийм хэрэг гарах болов, тэр хүмүүс төрийн албанд орохдоо тэнцсэн эсэх, мэргэжлийн сургууль төгссөн эсэх, цагдаагийн байгууллагад хүний эрхийн асуудлаар сургалт явагддаг эсэх, цаашид энэ төрлийн хэрэг гаргуулахгүй болтол ухаж ажиллана.
Цэцэрлэгийн хүүхдийг зодсон багшийн зургийг нийтэд ил болгосон хэрнээ гэмт хэрэг үйлдсэн цагдаагийнхны зургийг яагаад ил гаргахгүй байгаа юм бэ. .
0 cэтгэгдэлтэй