УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболдын хамт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагын багийнхантай уулзалт хийлээ. Тус үйлдвэрийг 2014-2022 онд QSC компани концессын гэрээгээр ашиглаж байгаад төрийн өмчлөлд шилжүүлснээр эдүгээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, 2022 онд 1.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байсан бол 2023 онд 40.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Батбаяр танилцуулж аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах Зөвлөл (ТУЗ)-өөр батлуулсан “Уул уурхай-Металлургийн цогцолбор” төслийнхөө талаар мэдээлэл өгөв. Энэ төслийн хүрээнд “Мини шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”, “Нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэр”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээрийг 2026-2028 онд жил дараалан ашиглалтад оруулахаар тооцсон байна.
Хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх, “Дархан” үйлдвэрлэл, технологийн парк болон Ган үйлдвэрлэлийн цогцолборт зориулан улсын тусгай хэрэгцээний газар олгох, эрчим хүч, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдах ажилтнууд Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв.
0 cэтгэгдэлтэй