Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Пунсалмаа, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар зудын гамшигт нэрвэгдэж буй малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг хэрэгжүүлж буй талаар болон цас, зуд нүүрлэсэн үед хэрхэн арга хэмжээ авах , шийдлүүдийн талаар шуурхай мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан: Монгол Улсын хэмжээнд зудын байдал нэн хүнд байгаа бөгөөд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын буюу зүүн гурван аймгийн хувьд хамгийн их зудад нэрвэгдсэн, малын хорогдол өндөр гамшгийн бүс болоод байна.
Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлсэн “Өрийн дарамтгүй Монгол” аяны хүрээнд 10, 11-р сард аймаг, сумдаараа явж байх үед гэнэтийн маш олон удаагийн цас орж байсан. Яг түүнтэй зэрэгцэн бид анхааруулж байсан боловч ямар нэг арга хэмжээ авалгүй, шагнал, тэмдэг тарааж өдий хүрлээ. Монгол Улсад Уул уурхайн салбарын дараа хөдөө аж ахуйн салбар ордог. 1996 онд нийт ДНБ-ны 38% -ийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байсан бол 2023 оны байдлаар 12.3% болтлоо буурсан байна.
Өчигдөр Хэнтий аймагт зудын нөхцөл байдалд ажиллаж байгаад ирлээ. Яг малчдын хотонд юу тулгамдаж байгаа юм гэдгийг хараад, ажиллаад ирлээ. Малаасаа гадна хүнийхээ эрүүл мэндийг авч үзэх шаардлагатай байна. Малчдад зам гаргах асуудал хамгийн чухал байна.
Өнөөдөр зам гаргалаа гэхэд 2-3 цагийн дараа байхгүй болчхоод байна. Замаа гаргачих юм бол иргэд өөрсдөө яваад эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Тиймээс малчид, иргэд замын асуудлаа шийдэж өгөөч гэдэг саналыг хамгийн ихээр хэлж байна.
Байгалийн гамшиг гэдэг байгаль цаг уурынх нь нөхцөлөөс шалтгаалан улс орон бүрд тулгардаг. Харин түүнийгээ яаж хохирол багатайгаар давах вэ гэдэг улс орнуудын менежментийн асуудал болсоор байна. Тиймд бид урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай хийх бодит шаардлага тулгарч байна. Бидэнд малаасаа гадна хүний эрүүл мэнд маш чухал байна.
Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар: Сүүлийн 7 хоногт Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаж байгаад ирлээ. Дорноговь аймаг гэхэд л нийт мал сүргийнхээ 15% орчмыг зудын улмаас алдчихаад байна. Маш их малын хорогдол бий болж малчдын эрүүл мэнд, сэтгэл санаа хүнд үед байгаа үед иргэн рүүгээ чиглэсэн арга хэмжээнүүдийг авах нь чухал.
Тухайлбал банк, санхүүгийн байгууллагууд гэрээн дээр заасанчлан давагдашгүй хүчин зүйлийн үед ямар арга хэмжээ авах ёстой, зээлээ сунгах, хөнгөлөх, асуудлыг яаралтай хийх шаардлагатай. Малын тэжээл өвснөөс гадна тусламж үзүүлэх хүч хөдөө орон нутагт маш их хэрэгтэй байна. Энэ зуднаар ч биш хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь өөрчилж хөдөө аж ахуйн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай.
Үндсэн хуульдаа эрдэнэт мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Гэтэл малаа, малчдаа хамгаалах бодитой шийдлүүд үгүй байна. Малын индексжүүлсэн даатгалыг бий болгох нь бид аливаа асуудлыг гарсан хойно нь биш яг тухайн цаг үед нь бодитоор хамгаалах юм. Ингэж даатгалын системийг бий болгох, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Байгаль цаг уур, гамшгийн давтамж маш өндөр байгаа тул малчдад тулгамдаж буй эдийн засгийн эрсдэлийг үгүй хийх юм. Харин өнөөдөр бодит байдал дээр махнаас бусад арьс шир зэрэг нь үнэгүй учраас малчид өвс, тэжээлээ авах хангалттай эдийн засгийн боломжгүй байна.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н. Лхагвадорж: Нэг намын хэт ноёрхол, МАН Монгол Улсыг хөгжүүлэхгүй юм байна. Зун нь нийслэл нь үертэй, өвөл нь зудад нэрвэгдсэн энэ байдлыг бид яаж үгүй хийх вэ. Сүүлийн 50 жилд тохиогоогүй төмөр, шилэн зуд тохиож хонин толгойгоор тооцоолон үзвэл нийт 8 сая гаруй мал буюу 1.5 их наяд төгрөгийн мал хорогдсон байна. Эдийн засгийн тооцоогоор малчдын эдийн засгийн 50 орчим хувь нь үгүй болж байна.
Хөдөө орон нутгаас суурин бараадсан, сум бараадсан, аймаг бараадсан нүүдлүүд бий болж, нийслэл Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл бий болох гэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж байгаа. Дан ганц “Амь нэгтэй Монголчууд” аяныг хэрэгжүүлэх бус монгол орон даяар нийгэмд чиглэн үйлчилдэг залуучууд та бүхнийг малчдадаа туслан ажиллахыг Ардчилсан намын зүгээс уриалж байна.
УИХ-ын гишүүд аймагтаа яг одоо ажиллаж байна. Ардчилсан намын дарга энэ сарын 26-ний өдрөөс эхлэн онц ноцтой зудын аюулд нэрвэгдсэн аймгууддаа ажиллахад бэлэн болсон байна. Эрдэнэт хүний амь энэ зудаас шалтгаалан үрэгдээд байна. Төрийн одон медалийг өрж тавиад баяр хөөр, цэнгэл болж очдог шиг малчин өрх бүрд хүнд хэцүү цаг үед тусалж ажиллахыг хүсэж байна.
ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа: Хөдөө орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байна. Ардчилсан нам өдөр бүр хүндрэлтэй байгаа орон нутгуудаас мэдээ авч нэгтгэж байна. Бидний авсан мэдээгээр цас их хэмжээгээр орсны улмаас зам дарагдаж, машин тэрэг айлууд руу нэвтрэх боломжгүй байна. Тиймээс аль болох малын тоо, толгойг бууруулахгүй байхын тулд дулаан нэмнээ, элгэвч бэлдэж өгөх шаардлагатай байна. Тиймээс Нийслэлийн 9 дүүрэгт цэг бүр дээр Ардчилсан нам ажиллаж “Амь нэгтэй Монголчууд” аяныг зохион байгуулж байна.
Монгол Улсын эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг бодит байдал дээр солонгорсон, тогтвортой хөгжил бүхий эдийн засаг алга. Өнөөдөр бид малчдынхаа эдийн засгийг, бизнесийг солонгоруулах шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр хомс байгаатай холбогдуулан малын шим тэжээлт бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, хөгжүүлэхэд төрийн зүгээс бодлогоор ажиллах шаардлагатай байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжихийн тулд зээл, татвараар дэмжих нь зөв юм. Сүүлийн үед савангийн үйлдвэрүүдийг бий болгосноор олон жижиг өөх тосны үйлдвэрүүд ашиглалтад орох болсон. Ингэснээр улсад татвар төлөгч олон компани, аж ахуй нэгжүүд бий болж, малчдын орлого бодитоор нэмэгдэнэ. Маш их хэмжээний малын өөх, дотор хаягддаг байсан бол бид дотоодын савангийн үйлдвэрлэлийг хангаснаар маш олон жижиг өөх тоосны үйлдвэрүүдийг дэмжин ажиллаж байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Цас, зудын нөхцөл байдал дан ганц малчдын хөдөө орон нутгийн бус Монгол Улсыг хамарсан гамшиг болоод байна. Монгол Улсын гол ачааг үүрч явдаг хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа малчид нэн хүнд нөхцөл байдалд орлоо. “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зарлан малчдадаа тусламж үзүүлэхээр Ардчилсан нам ажиллаж эхлээд байна.
Малчдын эрүүл мэндийн болон бусад тусламж дэмжлэгийг яаралтай хүргүүлэх, мэргэжлийн яамд, салбарын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Цас зуд гэдэг үргэлж болж байдаг. Тиймээс бидэнд байгалийн гамшигтай нөхцөл байдалд яаж ажилладаг талаар зөвлөмжүүдийг олон улсын байгууллагуудаас хүргүүлж байна.
Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг: Хөдөө аж ахуйн салбар малчдад зориулсан асуудал дээр бодлогын хувьд дутагдалтай байна. Монгол Улсын хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрсэн учир бодлогын хүрээнд болон хандив тусламжийн хүрээнд 2 шаттайгаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж байна.
Аймаг, сумууд дээр бизнес эрхэлж байгаа уул уурхайн компаниуд зудын гамшигт нэн шаардлагатай хамгийн ихээр дутагдаж байгаа техникээр тусламж үзүүлэхийг хүсэж байна.
1 сэтгэгдэлтэй
Modern Talking был немецким дуэтом, сформированным в 1984 году. Он стал одним из самых ярких представителей евродиско и популярен благодаря своему неповторимому звучанию. Лучшие песни включают “You’re My Heart, You’re My Soul”, “Brother Louie”, “Cheri, Cheri Lady” и “Geronimo’s Cadillac”. Их музыка оставила неизгладимый след в истории поп-музыки, захватывая слушателей своими заразительными мелодиями и запоминающимися текстами. Modern Talking продолжает быть популярным и в наши дни, оставаясь одним из символов эпохи диско. Музыка 2024 года слушать онлайн и скачать бесплатно mp3.