УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Энэ долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд УОК-оос малын хорогдлын тоог 508,000 гэж танилцуулж байсан бол өчигдөр буюу Пүрэв гарагт 608,000 болж нэмэгджээ.
Өчигдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаг агаарын байдал хүндэрч, олон улсын чанартай болон орон нутгийн зам, даваа хаагдаж байна.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгаас Булган, улсын хил чиглэлийн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, улсын хил чиглэлийн Зээгтийн давааны замууд хаагдсан. ЗТХЯ болон зам ашиглалтыг хариуцсан АЗЗА компаниуд зам гаргах ажлыг зохион байгуулж байна.
Өнөө шөнөөс төвийн нутгаар их хэмжээний цас орох, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч цасаар шуурах төлөвтэй байгаа тул одоо нээсэн зам, даваа дахин хаагдахаар байна.
Цасан шуурганы араас зам, давааг нээх, айл өрхүүд рүү зам гаргах, өвс тэжээл хүргэх УОК-ын ажлын хэсэг, шуурхай бүлгүүд нэн даруй гаргана.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Оюунжаргал: Өнөө шөнө Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булганаар цасаар шуурч төвийн нутаг руугаа орж ирнэ.
Маргааш өдөртөө Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн болон өмнөд хэсэг, Дундговийн нутаг тэр чигтээ, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах тул эдгээр бүс нутаг руу зорчихгүй байх хэрэгтэй.
0 cэтгэгдэлтэй