“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-наас хойш ажлын өдрүүдэд хуралдаж, өнөөдөр эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцууллаа.
Шүүгдэгч Б.Ганхуягийг нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсны улмаас олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг санаатай үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон,
Чингис хаан банканд давуу байдал олгож “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байна.
Ингэснээр Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн сарын хугацаанд хорих ял, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, хоёр жилийн хорих ял оноолоо. Мөн түүнээс 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй хэмээн шүүгч уншиж танилцуулав.
Тус шийдэх тогтоол өнөөдрөөс эхэлж хүчин төгөлдөр болох бөгөөд Б.Ганхуягт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэжээг хэвээр үлдээжээ.
0 cэтгэгдэлтэй