Б.Одончимэг: Электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй хавдраар өвчлөгсдийн үе бий болно

tsenzuurmn 2024-01-30

УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга, тэргүүлэх зэргийн эмч Б.Одончимэг сэрэмжлүүлж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулатороор жилдээ 17 мянга гаруй үйлчлүүлэгч ирж үзүүлдэг. Үүний 50 хувиас дээш хувьд нь тамхитай холбоотой өвчлөлөөр ирж байна. Сүүлийн жилүүдэд электрон тамхитай холбоотойгоор уушги, амьсгалын замын өвчлөл, хавдар зэрэг өвчлөлүүд эрс нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийн олон улсад электрон тамхийг судлаад багагүй хугацаа өнгөрлөө. Хийгдсэн судалгаануудад электрон тамхи нь уушгийг гэмтээдэг болох нь тогтоогдсон.
Электрон тамхи хэрэглэгчдийн хувьд өсвөр насныхан давамгайлж байна. Энэ нь үнэхээр аюулын харанга дэлдэж буй хэрэг юм. Үүнээс шалтгаалж 5,10 жилийн дараа гэхэд хавдраар өвчлөгчдийн үе гарч ирэхээр харагдаж байна. Иймээс яаралтай ирээдүй, өсвөр үеэ хамгаалах бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гэж эмч хүний хувьд харж байна.
“ТАМХИ ТАТДАГ ХҮН, ТАТДАГГҮЙ ХҮНЭЭС 25 ДАХИН ИЛҮҮ УУШГИНЫ ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛТЭЙ”
Тамхинаас гарахаар таргалаад байдаг, ханиалгаад байдаг гэх зэрэг мэдээллүүд нь буруу ташаа мэдээлэл юм. Тамхи татдаг хүн, татдаггүй хүнээс 25 дахин илүү уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй. Тамхины хэрэглээгээ бодлогоор хязгаарлахгүй бол өсвөр насныхны эрүүл мэнд, гамшгийн хэмжээнд хүрч, аюулын харанга дэлдэхээр хэмжээнд байна. Саяхан гэхэд л манай эмнэлэгт 28 настай залуу уушгины хавдраар нас барлаа. Шалтгаан нь мөн л тамхи. Энэ бол ГАМШИГ шүү дээ.