Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын хуулийн хор уршгийг эсэргүүцсэний төлөө биднийг хэвлэлээр гүтгэж байна

tsenzuurmn 2024-01-18

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар Сайд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: Чуулган завсарлахаас өмнө Хөрөнгө оруулалтын хууль, Төрийн өмчийн компани байгуулахыг түр хориглосон хууль хэлэлцлээ.  Энэ хоёр хуулийн хор уршгийн талаар иргэд, сонгогчдод нээлттэй мэдээлэл өгсөн. Үүний хариуд хүчтэй дайралтууд явж эхэллээ. Сонгууль хүртэл үргэлжлэх бололтой.

Энэ хоёр хуулийн аюул юу вэ гэвэл УИХ руу нэг том стратегийн орд орж ирэх гээд байна. Стратегийн ордод 50 хүртэл хувийг төр эзэмшиж, ард түмэн хувь хүртэнэ. Төрийн өмчит компани байгуулахгүй гэхээр 34-50 хувь хүртэхийг байхгүй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин Эрдэнэт, Тавантолгойгүй болно гэсэн үг. Хувь хүн стратегийн ордыг 100 хувь эзэмших ийм юмыг оруулж ирчихээд зүтгүүлээд байна.

Үүнийг нь хэлчхээр хорсож байгаа гэж, есөн шидээр гүтгэж байна. Бид гүтгэлэгтэй тэмцэнэ. Хуулийн хяналтын байгууллагад өгнө.

Нэг сайтад биднийг “Олигархижсан бүлгийн толгойлол”, “Жалганы ухнуудаар Монголын төрийг зайдагнуулж болохгүй” гэж бичжээ. Тэгэхээр нь шалгаж өгөөч гээд хууль хяналтын байгууллагад хүсэлт тавьсан. Баримт нотолгоогүй юм тавивал өгөхөөс өөр аргагүй. Улс төрийн л захиалга гэж үзэж байна.  Гүтгээд ч болтугай адилхан хар болгох гэсэн захиалга. 100 жилээр газраа ашиглуулаад, гэр бүлтэй нь байнга оршин суух виз өгье гэдэг Монгол Улсын иргэн бидний дунд байгааг анхаарах хэрэгтэй болжээ.

Тусгаар тогтнолын хамгийн том аюул нь дотроосоо. 1919 онд дотроосоо тусгаар тогтнолоо байхгүй болгосон. Тиймээс анхааралтай байхгүй бол дотроосоо элдэв янзын хууль санаачлах, алсуураа тусгаар тогтнолыг ганхуулах юмнууд орж ирж байна. Үүнийг нь хэлэхээр элдвээр захиалга өгөөд, бусдыг хүнд байдалд оруулдаг юм болж байна.

Олон нийтийн сүлжээ харахаар л бидэн рүү дайрсан, манай тойрог руу чиглэсэн мэдээлэл их цацаж байна. Бид хуулийн дагуу л үзнэ.

Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн 16.1.5-д Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрөл олгоно гэж байгаа. Энэ бол аюултай. Өмнө нь 100 мянган ам.долларын хөрөнгө оруулж, хувьцаа худалдаж авах, компани хамтран байгуулбал байнга оршин суух эрхтэй болдог байсан. Нэг ёсондоо АНУ-д ногоон карт авахад тодорхой хэмжээний босготой байдаг. Түүнийг нь манайд нэг сая төгрөг л болгож байгаа юм. Манайд оршин суух виз авах гээд байна” гэв.