Шинэ жилийн баяр ойртож буйтай холбоотойгоор иргэдийн хүнсний бүтээгдэхүүний худалдан энэ сард ихэсдэг. Гэвч иргэд яарч авах, худалдан авалт хийхдээ хөнгөн хуумгай хандах нь эргээд эрүүл мэндэд эсрдэл дагуулдаг.
Энэ талаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өглөө.
Хүүхдийн бэлгийг хэрхэн багцлах нь тухайн худалдааны газруудын менежменттэй холбоотой. Харин тухайн бэлгэнд орсон бүтээгдэхүүний гарал үүсэл, хаяг шошго, шинжилгээ баталгаажилт, хадгалах хугацаа, тухайн бүтээгдэхүүний сав баглаа боодлынх нь бүрэн бүтэн байдал зэрэг чанар, аюулгүй байдалд нь хяналт шалгалтыг энэ сарын 4-ний өдрөөс эхлэн тус газраас хийж буй юм. Хэрэв зөрчилтэй бүтээгдэхүүн байвал холбогдох хууль, дүрэм, журмынх нь дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.
Тэгвэл хүүхдийн бэлгийг хэрхэн сонгох вэ?
-Аав, ээж, асран хамгаалагч нар хүүхдийн бэлгийг сонгохдоо тухайн бүтээгдэхүүний орц, найрлага, хадгалах хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Хугацаа дуусаагүй ч сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлаас хамаарч чанар аюулгүй байдалд өөрчлөлт орсон байх магадлал өндөр байдаг. Тиймээс шошго, хадгалах хугацааг хардаг шигээ сав баглаа боодлыг ч сайтар шалгах шаардлагатай. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн хүнсний зориулалтын сав, баглаа боодолд савласан байхаас эхлээд стандарт бий.
-Тухайн бүтээгдэхүүний хаяг шошгоны тухайд, бүтээгдэхүүний орц найрлагыг шошгон дээр нь бичсэн байдаг. Үүнийг сайтар ажиглах хэрэгтэй. Шимт бодис, эрүүл мэндийн баяжуулалт хэр байна гэх мэт. Жишээ нь, С витаминаар баялаг гээд биччихсэн хүнсний бүтээгдэхүүн олон. Гэтэл тухайн бүтээгдэхүүнд С витамин нь ямар тунтай орсон байна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн бүрийн орц найрлага нь тодорхой байх ёстой. Гаж нөлөө, хориглох заалтыг анхаарч үзэх шаардлагатай.
Түүнчлэн хүүхдийн насны онцлогт тохирсон бэлэг сонгохоос гадна нөөшилсөн болон лаазалсан бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарахыг зөвлөж байна.
-Төрөл бүрийн ундаа, жүүс, компот зэргийн шүүс нь булингартай эсэх, тунадас үүссэн, доторх жимс нь ялзарч муудсан эсэхийг сайтар шалгах,
-Үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, тэжээллэг чанар, орц найрлага зэргийг сайн шалгаж авах,
-Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь түмбийсэн, дарахад хонхолзож байвал, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал хэрэглэхээс татгалзаарай.
Харин баярын ширээний бялууг сонгохдоо мөн үйлдвэрлэсэн он сар, орц найрлага, хадгалалтын горим зэргийг нь анхаарах хэрэгтэй. Түүнчлэн шинэ жилийн баяр зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөхцөл байдалд тохирсон захиалга авах шаардлагатай бөгөөд хэтрүүлэн захиалга авсан тохиолдолд эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологи алдагдаж, хордлого үүсэх магадлалтайг анхаарах хэрэгтэй.
Таны хайртай, ойр дотнын хүмүүс эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү ТАНЫ СОНГОЛТ-оос шалтгаална.
0 cэтгэгдэлтэй