Ирэх жил болох УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид тойргоос болон жагсаалтаар тус тус нэр дэвших юм. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа билээ.
Уг хуулийн зохицуулалтаар бол тухайн нэр дэвшихээр горилогч нь УИХ-ын сонгууль болох жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө эрхэлж буй төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Энэ заалт урьд нь тойргоос нэр дэвшигчдэд л үйлчилж ирсэн. Харин одоо жагсаалтаар дэвшигчдэд энэхүү хуулийн зохицуулалт хамаарах эсэх нь анхаарал татаж байна. Хэрэв хамаарах бол жагсаалтад багтах нэр дэвшигчид мөн адил 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө одоо эрхэлж буй төрийн албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой болно. Нөгөө талд сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор нэр дэвшихээр горилж байгаа, мөн намын жагсаалтаар хэн хэн орж ирэх зэрэг нь илүүтэй сонирхол татаж байна. Хэдийгээр намын бага хурлаар шийднэ, одоогоор нэр дэвших эсэхээ хараахан шийдээгүй байна гэх хариулт нийтлэг байгаа ч олны дунд хэдийнээ нэрс уралдуулаад эхэлсэн. Тухайлбал, банк, санхүүгийн салбарын бодлого тодорхойлогч институтийг толгойлж буй эрхмүүдийг нэр дэвш хэмээн эрх баригч намаас шахаж байгаа гэх сураг дуулдах болов.
Хэрвээ энэ үнэн бол Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван Төв аймагт, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г. Дөлгөөн Хэнтий аймагт, Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн нь Архангай аймагт нэр дэвших гэнэ. Эдгээр эрхмүүдээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д. Баярсайханыг мөн Нийслэлийн БГД-ээс эсвэл Дархан-Уул аймгаас нэр дэвшиж магадгүй талаар яригдах болжээ.
Гэхдээ Монголбанкны Ерөнхийлөгчийг нэр дэвшвэл түүний орыг залгах санаа Д. Баярсайханд бас бий гэх бол одоогийн Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн нэр ч Монголбанкны дараагийн ерөнхийлөгчид дуулдах ажээ. Бас нэг хувилбар нь Д. Баярсайхан нэр дэвшихээр эсвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд зүтгэхээр ажлаа өгсөн тохиолдолд түүний орыг залгуулах боломжтой гэх хэд хэдэн хүний нэрс яригдаж байна. Тэдгээрийн дотор одоогийн дэд дарга Т. Цэрэнбадрал, Н. Хүдэрбаатар нарын нэрс сонсогдож байгаагийн дээр өмнө нь буюу 2014-2016 онд тус хороонд газрын захирлаар ажиллаж байсан, дээр нь МАН-аас багагүй дэмжлэгтэй гэгддэг А. Батпүрэв ч бас нэгэн боломжит хувилбар байж болох талаарх “бор шувуу” хэдийнээ нисээд эхэлжээ. Юутай ч тун удахгүй бүх зүйл тодорхой болох биз ээ.
0 cэтгэгдэлтэй