УИХ, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн амьдрах орчныг сайжруулах, төв замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын холбоос замын бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэллээ. Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нар БЗД-ийн зарим хэсгийн засмал зам тавих ажлыг өнгөрсөн оноос эхлэн хийж хэрэгжүүлж байгаа юм. Энэ оны хувьд БЗД-ийн 19, 24, 31, 32, 40 хороонд засмал зам тавихаар төлөвлөж байна.
Энэ талаар төлөөлөгч Б.Сүхбаатар “Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Улиастайн голын 9,7 метр гүүр, 4,5 км замын үргэлжлэл болгож холбоос замуудыг тавьж байгаа юм. Жишээлбэл 24-р хороонд 2,5 км, 19-р хороонд 1,6 км, 32-р хороонд 600 метр, 31-р хороонд 1,5 км зам тавихаар төлөвлөсөн. Иймд хариуцсан тойргууддаа газар чөлөөлөлт болон авто замын ажлыг хийхэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Гол замыг сунгахад саад болж буй асуудал нь иргэд өөрсдийн өмчлөлийн газраа нэмэхийн тулд хашаандаа тулгаж байшин барих, ААН-үүд шатаа сунгаж нийтийн талбайд барих зэрэг асуудал байгаа юм. Сайн дураараа замаа чөлөөлж байгаа иргэд ч мөн байна. Газрыг чөлөөлчихвөл ондоо багтаад хучилтын ажлуудаа голчлон хийх төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.
БЗД-ийн 32-р хорооны оршин суугч Э.Саранцэцэг “Зам хотгор гүдгэр ихтэй учир цас хайлсан, бороо орсон үед ус тогтчихдог. Мөн 32-р хорооны байрны арын хэсэг газрыг иргэд чөлөөлөөгүйгээс болж явган хэсэг нь хэт нарийн байх зэрэг саадтай тулгардаг. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийг газраа чөлөөлж өгдөг болоорой гэж хэлмээр байна. 2022 оноос шинээр зам тавигдаж эхэлсэн учраас шороо тоос босох нь багасаж, амьдрах орчин сайжирч байна. Засмал зам талбайг нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай байна” гэлээ.
Төлөөлөгч Б.Пүрэвдагва “Баянзүрх дүүргийн 24-р хорооны “Дако” худалдааны төвөөс Газарчин дээд сургууль, 251-р цэцэрлэг рүү чиглэсэн замыг үндсэн гол зам гэж хэлж болно. Иймд хэсэгчилсэн байдлаар замыг хааж засварлан 540 метр засмал замыг наймдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хот нэг стандартын дагуу гэрэлтүүлэг, явган хүний замтай засмал зам тавих юм. Хатуу хучилттай зам тавих боломжгүй газруудад хайрга асгах, түрэлт хийх зэргээр засварын ажлууд хийгдэнэ. Мөн 5, 19, 22, 24-р хорооны гэрэлтүүлгийн ажлыг оны эцэст бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэж хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
0 cэтгэгдэлтэй