Төрийн ордны хашааг “нууцын зэрэглэлтэй”-ээр барьж байна

tsenzuur 2023-07-25

Саяхан л төрийн ордны хоёр талын хашааны талаар сошиал орчинд шуугиан үүсгэж, иргэдээс нэлээн их шүүмжлэл хүртэж байсан. Одоо ч энэ шүүмжлэл дуусаагүй ээ. Өндөр төмөр хашааны орой хэсэг нь жад хэлбэртэйгээр айлгаж сүрдүүлсэн аястай баригдсанд олон түмэн дургүйцлээ илэрхийлсээр байгаа билээ. Тэгвэл эл шуугиан бүрэн намжаагүй байтал хойд талын хашааг иргэдийн амралтын үетэй тааруулаад барьж эхэлжээ. Яг ямар компани, хэчнээн төгрөгийн төсөвтэйгээр ямар сонгон шалгаруулалтаар шалгаруулсан нь тодорхойгүй.

Энэ талаар Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга Ж.Тамиртай холбогдохыг хүссэн ч утсаа авсангүй. Тиймээс Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын барилга, инженер техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатараас тодруулахад амралттай байгаа, энэ талаар ямар ч мэдээлэл алга гэв. Өмнө нь ч хоёр талын хашааг засварласан компаний талаар асуухад “гүйцэтгэсэн газрыг нь би сайн мэдэхгүй” гэсэн үгийг хэлж байсан.  Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын барилга, инженер техникийн хэлтсийн даргын албан тушаалтай энэ хүн үнэхээр мэдэхгүй гэдэг нь тун ч эргэлзээтэй юм.

Харин төрийн ордны архитектор н.Эрдэнэцэцэгтэй холбогдоход, Энэ талаар мэдээлэл өгөх боломж байхгүй. Төр захиргааны ордны хашаа гэдэг утгаараа нууцын зэрэглэлтэй байдаг гэсэн хариултыг өглөө.

Төрийн ордны гадна талын хашаа барихад нууцын зэрэглэлд хамрагддаг нь тун хачирхалтай.  Нууцын зэрэглэлтэй гэсэн үгээр халхавчилж, ямар компани хэчнээн төгрөгийн төсөвтэйгээр эл хашааг барьж байгаа нь олон хардлагыг дагуулж байна.  

Ямартай ч төрийн ордны хашааг барих компани ямар ч тендэргүйгээр шалгардаг аж. Төрийн ордны хашааг засварах хөрөнгийг Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын урсгал зардлаас гаргадаг гэдэг. Тэгвэл Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газраас тендер зарласан эсэхийг нягталж үзлээ.

Хамгийн сүүлд 3 дугаар сарын 28-нд Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын харъяа Засгийн газрын байруудын ашиглалтын нэгдсэн захиргаанаас “Засгийн газрын байруудад хийгдэх их засвар” гэсэн тендэрийг зарлаж байсан байна. Өөрөөр хэлбэл, Төрийн ордны хашаа засварлах тендер зарлаагүй гэсэн үг.

Энэ бүхнээс харахад төрийн ордны хашааг арын хаалгатай, танил талтай нэгэн хийж байгаа бололтой.  

No description available.