Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, “Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан 2022 оны төсвийг чанаржуулах тогтоолын төсөл батлагдлаа. Энэхүү тогтоолын төсөл нь 2022 оны төсвийг илүү чанаржуулах урьдчилсан чиглэл гэж хэлж болно. Тогтоол үндсэн 8 хэсгээс бүрдэж байгаа. Орлого талдаа
- Орлогын чиглэлээр уул уурхай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх
- Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх
Зарлага талдаа
- Нийгмийн суурь үйлчилгээний санхүүжилтийн шинэчлэл
- Төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлнэ
- Төсвийн байгулууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх
- Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх
- Дамжуулан зээлдүүлэгч нарын санхүүжүүлсэн төслийн өрийг барагдуулах,чанарыг нь сайжруулах чиглэлээр үүрэг өгсөн тогтоол батлагдлаа.
Олон нийтийн дунд орон нутаг болон нийслэлийн төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг нь өөрчлөх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тал дээр үл ойлголцол үүсээд байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2020.12.24-нд батлагдсан. Энэ хуулийн 20.1.18-д боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга, байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ орон нутгийн чиг үүрэгт шилжсэн. Товчхондоо эдгээр байгууллагын барилга, байгууламжтай холбоотой нийтлэг үйлчилгээний чиг үүрэг нь тухайн байгууллагынхаа бус Орон нутгийнхаа засаг захиргаа руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, тухайн сум, аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх мэдэл, чиг үүргийн асуудал болсон. Чухамдаа цалингийн фонд нь тийшээ шилжсэн. Үүнийг дагаад 2022 оны төсвийн хуульд оруулж өгсөн. Түүнээс биш орон тоог багасгах, цомхотгох асуудал тусгагдаагүй гэсэн үг. Тиймээс санаа зовох зүйл байхгүй. Одоо байгаагаараа явахад төсвийн хувьд асуулал байхгүй.
Засгийн газрын хуралдаанаас энэ талаар тодорхой чиглэл гарсан. Хурлын дараа аймаг, орон нутгийн удирдлага руу чиглэл хүргэгдэнэ. Ингэхдээ нэгжийн тухай хуулиар эрх мэдэл нь очсон хэдий ч хэрэгжүүлэхдээ дараах чиглэлийг баримтална. Үүнд
Тухайн байгууллагын нийтлэг үйлчилгээний ажилтнуудын өөрсдийнх нь болон тухайн байгууллагынх нь санал санаачилгыг аймгийн удирдлага авч хэлэлцээд, бэлтгэл хангасан гэж үзвэл Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам судалж үзээд бэлтгэл хангасан гэж үзвэл шийдэх чиглэл өгсөн.