Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр Ерөнхий сайдын нэр дээр Рио Тинто компанийн удирдлагаас захидал ирсэн. Бид Оюутолгойн үр өгөөжийн Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг цуцлах зэрэг санал тавиад байсан. Харин бидэнд ирүүлсэн захидалд “Та бүхний саналыг ТУЗ-д танилцуулж, дараах таван чиглэлээр шийдвэр гаргалаа.
Үүнд:
Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Энэ нь Эрдэнэс Оюутолгой компанийн 34 хувийн үнэ цэнийг нэмж, ногдол ашгийг наашлуулах юм. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн үг юм. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг захидал илгээсэн өдрөөр дуусгавар болгож байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд Засгийн газар өөрөө хөндлөнгийн аудит оруулах, тэрхүү дүгнэлтээр Монголын газар нутаг дээр зарцуулаагүй нөхцөл байдал үүсэх юм бол хариуцаж төлөхөд бэлэн байна. Гүний уурхайн ашиглалтад оролгүй удсан. 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна. Оюутолгой компанийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс эрчим хүчээ хангах гэрээ байгуулах, байгаль орчны салбарт хамтран ажиллах Эдгээр таван саналыг захидалд дурдсан. Энэхүү шийдвэрийг гаргахад хэцүү байснаа илэрхийлээд энэ нь хөрөнгө оруулагчийн зүгээс Монголд шилжүүлж байгаа томоохон үнэ цэнэ болохыг мэдэгдсэн. Мөн оны өмнө энэ асуудлаар ажлын хэсгийн түвшинд харилцан зөвшилцөж чадвал 2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бид бэлэн байна гэдгээ хөрөнгө оруулагч тал илэрхийлсэн” гэв.
Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан албан захидал ирүүлж, Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулжээ. Түүнчлэн, 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Албан захидалд,
“Бид саяхан Та болон Улсын Их Хурлын дарга, Түр хорооны гишүүдтэй уулзалт хийж Оюу Толгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулах, 2015 оны “Дубайн гэрээ” гэгддэг “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” (ДУББСТ)-г цуцлах, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн талд үүссэн өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү ил тод болгох талаар санал солилцсон билээ.
Та бүхний тавьсан санал сэтгэгдлийг харгалзан хөрөнгө оруулагчдын Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулсны үндсэн дээр дараах арга хэмжээг авахад бид бэлэн байна. Үүнд:
- Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
- ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцалж дуусгавар болгох;
- Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
- Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
- “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюу Толгой” ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.
Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна.
Монгол Улсын Засгийн Газар болон “Оюу Толгой” ХХК-ийн хооронд үүссэн арбитрын маргаантай холбоотой 6 сарын хугацаанд түдгэлзүүлж Ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна.
Гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны нэгдүгээр сард багтааж хугацаа алдалгүй хийх нь бидний хамтын зорилго билээ. Үүний тулд гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлэх урьтал нөхцөлүүдийг Ажлын хэсгийн хүрээнд хамтран шийдвэрлэхийг хүсэж байна.
Эдгээр арга хэмжээнд үндэслэж хоёр талын ажлын хэсэг нарийвчлан ярилцаж, зөвшилцлийн замаар бичгээр 2021 онд багтаан эцэслэн шийдвэр гаргахыг хүсье” гэжээ. ” гэв.