Коронавируст халдварын эмчилгээнд вирусийн эсрэг “Арбидол” эмийг хэрэглэж байсан. Эмний өртөг нэг үе гишүүдийг талцуулж байсан удаатай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос уг эмийг эмчилгээнээс хасчээ.
Энэ талаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням хэлэв.
Тэрбээр “Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хассан. Одоо энэ эм хог болно. Уг нь энэ эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл арбидолыг эмчилгээнээс хассан шийдвэрийг ЭМЯ, Хүний эмийн зөвлөл гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд мэдээгүй байх юм. Одоогоор 3.9 тэрбум төгрөгийн арбидолыг татан аваад байна. Мөн их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн байна” гэлээ.