ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгалмаа сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо эрс нэмэгдэж, гэртээ халдвар оношлогдохоос өмнө эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан тохиолдол тодорхой хэмжээгээр бүртгэгдэж байгаа талаар хэллээ. 4 дүгээр сарын 11-ний байдлаар гэхэд 25 хүн нас бараад байгаа аж.
Эмнэлгийн гадуурх нас баралтын тохиолдолд “Буян” компанитай хийсэн гэрээний дагуу цогцсыг зориулалтын уутанд хийн, оршуулгын ёслол хүртэл компанийн байранд хадгалж байгаа аж. Мөн гэр бүлийн 30-аас дээшгүй хүмүүсийг оролцуулан салах ёс хийх, ингэхдээ цогцост гар хүрэхгүй байхаар ёслолыг үйлдэж байгаа юм.
Ер нь эмнэлэгт нас барсан тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 412 тоот тушаалын дагуу эмнэлгийн мооргт цогцсыг хадгалж, зориулалтын дагуу битүүмжилж чандарлах болон уламжлалт зан үйлээр оршуулж болно гэсэн юм.