Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.08) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар”-х мэдээллийг сонслоо.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын дэгдэлтээс шалтгаалж дэлхий нийтээрээ хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, энэхүү цар тахлыг хохирол багатайгаар даван туулахын тулд улс орон бүр хичээж, нөөц боломжоо бүрэн дайчилж байгаа энэ үед Засгийн газар, Улсын онцгой комиссоос тодорхой шийдвэрүүдийг хугацаа алдалгүй, шуурхай гаргаж, шаардлагатай бүхий л зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар мэдээллийн эхэнд танилцуулсан.
Бүх шатны сургалтын байгууллагын орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хорио, хөдөлгөөний хязгаарлалтын дараа хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх, хэвийн горимд шилжүүлэх бэлтгэлийг хангаснаар 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул танхимын сургалтыг зогсоож, теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

2020-2021 оны хичээлийн жилд боловсролын салбарын нийт 2,281 байгууллагад 97,132 багш, ажилтан ажиллаж, сургуулийн өмнөх, бага болон дунд, дээд боловсролын үйлчилгээг нэг сая хүүхэд, залуучуудад үзүүлж байгаа гэв.
Улсын хэмжээнд нийслэлийн 56 дотуур байранд 9391 оюутан, орон нутгийн 15 дотуур байранд 1968 оюутан амьдарч байгаа бөгөөд цар тахлын онцгой нөхцөл байдлаас үүдэн эдгээр оюутныг шинжилгээнд хамруулан ар гэрт нь буцаах ажлыг зохион байгуулжээ.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас сургалтын хөтөлбөрт суурилсан боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хичээл, сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгааг мэдээллээ.
Энэ хүрээнд өнгөрсөн 2020 онд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын батлагдсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд судлах бүх агуулгыг теле хичээлд бүрэн шилжүүлсэн бөгөөд цэцэрлэгийн 30, бага ангийн 335, дунд ангийн 444, ахлах ангийн 318 цагийн теле хичээлийг дохионы хэлний орчуулгатай бэлтгэн телевизийн сувгуудаар нэвтрүүлсэн болохыг Я.Содбаатар сайд танилцуулсан.
Бага ангийн хичээлүүдийг казак, тува хэлээр орчуулан зорилтот хүүхдүүдэд мөн теле хэлбэрээр хүргэсэн. Түүнчлэн бусад тусгай хэрэгцээт болон насан туршийн боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдийг теле, цахим хэлбэрээр бэлтгэн хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажилласан байна. Гэр бүлийн орчинд нь теле хичээл үзэх техникийн боломж бүрдээгүй цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад хичээлийн агуулгыг бүрэн хүргэх, тэднийг сургууль завсардахаас сэргийлэх чиглэлээр хэвлэмэл хичээл, дасгал, даалгавар бүхий гарын авлагыг бэлтгэн хүргэх ажлыг зохион байгуулжээ. Мөн теле хичээлийг хүүхэд бүрд хүрч буй эсэхэд хяналт тавьж, багш нарт арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг аймаг, нийслэлийн боловсролын газар удирдан зохион байгуулж байгаа талаар мэдээлэлд дурдав.
Дээд боловсролын сургалтын байгууллагууд онлайн хэлбэрийн олон төрлийн аппликейшн, программ, платформуудыг ашиглан хичээл, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байв. Цахим сургалтын үйл ажиллагаанд талаар нийт 86 их, дээд сургуулийн оюутнаас сэтгэл ханамжийн судалгаа авахад 82.5 хувь нь сургалтын хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэн, сэтгэл ханамжтай гэсэн байна.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал зайн буюу цахим хэлбэрээр зохион байгуулж, эхний улирлын амралтыг эхлүүлсэн бол дээд боловсролын сургалтын байгууллагын эхний улирлын амралт 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхэлжээ.
Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, тусгай хэрэгцээт болон насан туршийн боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн 4800 цагийн теле хичээлийг econtent.edu.mn хуудаст байршуулж, хүүхэд амралтын хугацаанд чөлөөт цагаараа хичээлээ нөхөж үзэх, давтах боломжоор хангаад байгаа аж.
Мөн энэ хичээлийн жилийн эхний улирлын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор ахлах ангийн сурагчдад зориулсан цахим давтлага хичээлийг багш нарын сайн дурын оролцоонд тулгуурлан эхлүүлсэн бөгөөд уг хичээлийг улсын хэмжээнд 602 гаруй багш удирдан явуулж байгаа талаар хэллээ.
Мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл буюу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлсэн.
Засгийн газар боловсролын салбарт баримтлахаар баталсан бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхгүй, асуудлын мөн чанар хангалттай анхаарахгүй байгаа нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийг төдий хугацаагаар хойш татаж байгааг анхааруулж, боловсролын салбарын өнөөдрийн байгаа байдалд хийсэн дүгнэлтээ танилцуулсан байна.

Үндэсний боловсролын бодлого нь улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа байх ёстой атал 2012-2016 оны хооронд боловсролын салбарт хийсэн реформыг зогсоож, ухралт хийснээр өнөөдөр хүний хөгжлийн олон улсын индексээр 2015 онд 92-т байсан зэрэглэл 7 байраар ухарч 2019 оны үзүүлэлтээр 99-д эрэмбэлэгдсэнээс харж болох бөгөөд Монголын залуу үеийнхний дэлхийн залуустай өрсөлдөх чадвар төдий хэмжээнд буурсан гэв. Иймд боловсролын салбарын бодлогоо эргэн харж, бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдад учирч буй “сургалтын саатал”-ыг залруулах төлөвлөгөө боловсруулан ажиллахыг шаардлаа.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны талаар тодруулсан гишүүний асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хариулт өглөө. Тус сангаас зорилтот бүлгийн оюутнуудад сургалтын төлбөр олгох, мөн гадаадад суралцах монгол оюутнууд, дотоодын оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ хичээлийн жилд 3.2 тэрбум төгрөгийн төсөв тусгагдсан. 4439 оюутанд 3.1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөр олгосон гэв. Сургалтын төлбөрийн зээл олгох зорилгоор 10 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд одоогоор 4000 гаруй оюутанд зээл олгосон. Үүний цаана 7000 гаруй оюутны зээлийн хүсэлт хүлээлгэд байгаа талаар Л.Цэдэвсүрэн сайд мэдээллээ. Эдгээрээс төгсөх курсийн оюутнуудын зээлийн хүсэлтийг судалж, шийдэх зорилготой ажиллаж байгаа гэлээ. Энэ оны улсын төсөвт сургалтын төлбөрийн зээл олгохоор 24.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Иймд нэн тэргүүнд тус санд зээлийн хүсэлт хүргүүлсэн, 2.8 дээш голч дүнтэй 4986 оюутны зээлийг олгох асуудлыг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байгаа гэлээ. Үүний зэрэгцээ сувилагч мэргэжлээр суралцах оюутнуудад зориулсан 5.9 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд нөхцөл байдалд судалгаа хийсний үндсэн дээр энэ жил 3600 оюутны сургалтын төлбөрийг төлөхөөр зөвлөлдөж байгаа аж. Эдгээрийн цаана 5.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт байгааг хариултынхаа үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд дурдаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ судалж байгаа гэлээ.
Теле хичээлийн чанар, хүртээмжийн талаар Б.Пүрэвдорж гишүүн тодруулж, салбарын сайд хариулт өгсөн. Теле хичээлийг цахимд нээлттэй байршуулсан, төгсөх ангийн сурагчдад зориулж 602 багш сайн дурын үндсэн дээр цахим хичээл орж байгаа гэв. Сурагчдад бататгах хичээлийг энэ долоо хоногоос цахимд байршуулж, телевизүүдээр гаргаж эхлээд байгаа гэлээ. Энэхүү цахим сургалтад нэг удаадаа 300 хүртэл сурагч холбогдон, багштайгаа харилцах боломжтой юм байна. Сурах бичгийн агуулга, чанар, хүртээмж, хэвлэлтийн талаар С.Одонтуяа гишүүн тодруулсан. Олон улсын жишгээр сургалтын хөтөлбөр хамгийн багадаа 10 жилд тогтвортой байх шаардлагатай гэж үздэг. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014 оноос хойш шинэчлээгүй бөгөөд 2019 хөтөлбөрийг сайжруулах арга хэмжээ авсан. Засгийн газрын зүгээс сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудад 137 төрлийн сурах бичиг хэрэглэж байгаа аж.
Цар тахлын нөхцөлд хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн талаар салбарын яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар лавласан. Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр нь өгөх ёстой хувьсах зардлыг олгож байгаа юм байна. Үүний зэрэгцээ цар тахлын нөхцөлд аж ахуйн нэгжүүдэд зориулан авч хэрэгжүүлж буй цахилгаан, дулааны хөнгөлөлт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулиудын үйлчлэлд хамрагдаж байгаа учир төр, засгийн зүгээс боломжит хэлбэрээрээ дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж байгаа гэв.
Цар тахал хэзээ дуусахыг тооцох, тааварлах аргагүй гэдгийг Т.Доржханд гишүүн онцлоод, цаашдаа бүх шатны боловсролын байгууллага танхимын болон цахим сургалтыг зэрэгцүүлэн явуулах арга барилд шилжих шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Теле хичээлийн чанар Шадар сайдын мэдээлэлд дурдсан шиг чанар, хүртээмжтэй байна гэж ойлгоод, тайвшрах нь өрөөсгөл гэдэг шүүмжлэлийг хэлж байлаа. Боловсролын асуудлыг зөвхөн нийслэл, төвлөрсөн газруудын хэмжээнд харж, тодорхойлж болохгүй гэдгийг Н.Ганибал гишүүн хэлж, холбогдох саналыг хэлсэн. Нийслэлд цар тахлын эрсдэл өндөр байгаа хэдий ч орон нутаг, сумдад сургууль, цэцэрлэгийн сургалтыг танхимаар явуулах боломж бий гэдэг саналыг хэлж, салбарын яам, Улсын онцгой комисс болон холбогдох талууд анхаарч, арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Цар тахлын нөхцөлд Боловсролын сангаас олгох сургалтын зээлийг хүсэлт гаргасан оюутан бүрд ялгаварлалгүй, хүртээмжтэйгээр олгох зарчмыг баримтлаарай. Мөн боловсролын багц хуулийн төслүүдийг lawmaker.parliament.mn болон lawforum.parliament.mn сайтад байршуулж, боловсруулах шатандаа иргэд, олон нийтийн саналуудыг авч, тусгахад анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн чиглэл өгсөн юм. Түүнчлэн олон улсын боловсролын чиг хандлагыг дотооддоо нэвтрүүлэх, дэвшилтэт арга хэлбэрүүдийг бүх шатны сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлэх чиглэлд санаачилгатай, бүтээлчээр ажиллах шаардлагатайг сануулсан.
Ийнхүү “Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар”-х мэдээллийг сонссоноор Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.