COP17: Өмнөговь аймаг усны нөөцийг нэмэгдүүлэх, хөв цөөрөм байгуулах чиглэлээр хэрэгжүүлсэн туршлагаа танилцууллаа

tsenzuurmn 2 цагийн өмнө

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор “Говь+Ус” хөтөлбөрийг анх баталсан бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тус хөтөлбөрийг шинэчлэн баталсан.
Хөтөлбөрийн гол зорилго нь усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлэх, боломжит усны нөөцийг зүй зохистой ашиглах, гадаргын усыг хуримтлуулах замаар хүн ам, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Говь нутагт хамгийн их тулгамдсан усны хомсдолын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчин, ан амьтанд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилготойгоор булаг шандын эхийг хашиж хамгаалан, хөв цөөрөм байгуулах ажлыг орон нутгаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2021 оноос хойш нийт 14 суманд шинээр 23 хөв цөөрөм байгуулж 3,123,102м3 гадаргын усыг хуримтлуулах хүчин чадалтай хөв байгуулсан шийдлийн талаар COP17-д оролцож буй талуудад танилцууллаа.
Мөн шинээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, сайн туршлагуудаа танилцууллаа. Үүнд:
* Даланзадгад сумын Далан булгийн хөв цөөрөм байгуулсан туршлага
* Сэврэй сумын Хонгорын голын хөв цөөрөм байгуулсан туршлага
* Булган сумын Нүцгэний булгийн эхийг хашиж хамгаалан, хөв цөөрөм байгуулсан туршлага
* Баян-Овоо сумын Толь булгийн эхийг хашиж хамгаалсан туршлага зэрэг ажлуудыг танилцуулсан юм.