УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан-ыг хүлээн авч уулзлаа

tsenzuurmn 2024-03-13

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2024.03.13хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Монгол Улсын Их Хурал нь БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейтай уламжлалт найрсаг харилцаатай. Хоёр улсын хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжиж ирсэн хэмээгээд парламентын дарга, гишүүд, Тамгын газрын түвшинд харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар 2022 оны 11 дүгээр сард цахимаар уулзан, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны 9 дүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулсныг дурдаад, энэхүү өндөр, дээд хэмжээний айлчлал, уулзалт арга хэмжээ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, хоёр талын харилцааны олон чухал асуудлуудыг урагшлуулах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал aч холбогдолтой болсон хэмээн тэмдэглэлээ.

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сингкам Вунгпачан, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Пингкам Ласасимма-гийн мэндчилгээг уламжлаад, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр яригдсан асуудал ажил хэрэг болж буйн илрэл нь энэ удаагийн айлчлал хэмээн тодотгов.

Ноён Сингкам Вунгпачан, хоёр улсын парламентын Тамгын газрууд найрсаг, ойр дотно харилцаатайг онцлон тэмдэглээд,  өнгөрсөн хугацаанд бид төлөөлөгчид солилцож, туршлага хуваалцан, бие биеэ харилцан дэмжин ойлголцож ирсэн. Уламжлалт харилцааны бат суурин дээр тулгуурлан цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Пингкам Ласасимма-гийн урилгаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 02 дугаар сард БНАЛАУ-д айлчилж, хоёр улсын парламентын Тамгын газрууд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулсан. Энэ нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх таатай боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бататгасан чухал үйл явдал болсон гэж харж байна. Санамж бичгийн дагуу бид харилцан төлөөлөгчид солилцож, бие биеийхээ хүсэлтийн дагуу техникийн туслалцаа харилцан үзүүлэх зэргээр санамж бичигт тусгагдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд  хүчин чармайлт гарган хамтран ажиллаж буйд туйлын талархалтай байна гэлээ.

Тэрбээр, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей нь хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон 2003 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы Нэгдсэн хуралдааны танхимд улаан модон тавилга бэлэглэсэн. Эдгээр тавилгыг чуулганы танхимд өнөөг хүртэл ашиглаж байгааг дурдсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдах дараагийн парламент 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахтай холбогдуулан Улсын Их Хурлын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хуралдааны дэгийг шинэчлэн боловсруулах, хуралдааны танхимын зохион байгуулалт, тохижилтыг шинэ нөхцөл байдалд нийцүүлэн засаж сайжруулах зэрэг ажлыг гүйцэтгэж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгоод, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг тохижуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болсон улаан модон сандал, ширээг нэмж бэлэглэхээр Лаосын тал шийдвэрлэн, тавилга үйлдвэрлэлийн ажлыг шуурхай зохион байгуулж гүйцэтгэн ирүүлсэнд дахин талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.