УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. 2023 оны 11-р сарын 1-25-нд 102 мянган тонн шатахуун ирсэн. Энэ нь өмнөх жилээс 45 мянган тонноор илүү байгаа юм. Монгол Улс сард 3000 вагон шатахуун хэрэглэдэг. Энэ хэмжээнээсээ давуулан нийлүүлсээр байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой дотоодын хэрэглээ ихэссэн. Монгол Улсын дөрвөн компани ОХУ-аас өвлийн түлшийг нийлүүлж байна. Жишээ нь, Нүүрсний экспорт одоогоор 62 сая тонн хүрээд байна. Энэ хэрээр дизель түлшний хэрэглээ эрс нэмэгдсэн гэсэн үг.
Өнгөрсөн найм, есдүгээр сард 140 мянган тонн шатахуун нөөцөлсний үр дүнд 20 хоногийн нийлүүлэлтийн тасалдлыг давж гарсан. Шатахууны хязгаарлалт тогтоох тухай ОХУ-ын Засгийн газрын тогтоол 9-р сарын 21-нд гэнэт гарсан, тэр тасалдлаас одоо хүртэл гарч чадахгүй байгаа юм.
Шатахуун импортлох тусгай зөвшөөрөл олгоход тавигддаг хамгийн гол шаардлага бол аюулгүй байдал. Засгийн газар зөвхөн ОХУ-аас биш, уул уурхайн салбарт хэрэглэх шатахууныг БНХАУ-аас авах талаар ажиллаж байна. Хятад улс өөрөө импортлогч улс учир бидний хүссэн хэмжээнд нийлүүлж чадахгүй байна гэлээ.
0 cэтгэгдэлтэй