Монгол Улс, ОХУ-ын тойрон аялагчдыг угтан авлаа

tsenzuurmn 2024-08-19

Монгол Улс, ОХУ-ын тойрон аялагчдыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд угтан авах үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд “Дурсамж цаг хугацаанаас үнэтэй” уриан дор 6 дахь удаагаа зохиогдож буй тус аялалд ОХУ-ын Эрхүү мужийн залуу үеийн төлөөлөгчид оролцож, Эрхүүгээс Халхын гол хүртэл аялж байна.

“Халх голын байлдааны ялалт нь асар их үнэ цэнээр бий болсон төдийгүй дэлхий дахинд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг өнөө цагийн хүүхэд, залуучуудад ойлгуулах, тэднийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд аяллын зорилго  оршиж байгаа” хэмээн аяллын багийн Монгол талын зөвлөх, бэлтгэл хурандаа Л.Амарсайхан өгүүлэв.

Монгол Улсын дорнод хил дээр орших Халхын голд Японы түрэмгийлэгчид халдан довтлоход Монгол-Оросын эрэлхэг дайчид эх орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан түүхийг бид хэзээ ч мартах ёсгүй гэдгийг аялагчид хэлж байлаа.

Тэднийг аймаг орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл угтан авав.