УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин, Ж.Баярмаа, Н.Түвшин нар ирэх оны төсвийн төслөөс үр ашиггүй зардлыг танах шаардлагыг Засгийн газарт хандан тавьж байгаа юм.
УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН: Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Дөрвөн сарын өмнө улс төрийн намуудын амлаж байсан мөрийн хөтөлбөрийг сануулъя. МАН улсын төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хувийг 25 хувь хүртэл буурулна, мөн Засгийн газрын өрийг 40 хувиас бага байлгана.
Ардчилсан нам төсвийн нийт зарлагыг 20 хувиар бууруулна, ХҮН нам бизнест ээлтэй, татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитоор буулгана гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан.
Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслөөр нийт төсвийн ДНБ-д эзлэх хувийг 37 хувьд хүргэхээр, 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад өссөн. Графикаас харвал төсвийн ДНБ-д эзлэх хувь 2020 онд бууж байсан, сонгуультай учраас 2024 онд огцом нэмэгдэж, 5 хувиар, ирэх жилийн төсөв дээр дахин нэмэгдүүлэхээр орж ирсэн. Энэ нь улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан хөтөлбөрөөс зөрж байна. Нэг талаасаа төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн үг. Хэрвээ энэ нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол шагнал урамшууллаа нэмэх, илүү бүтээмж өндөртэй хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА: Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал 111 тэрбум болсон нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгдсэн. 2020 онтой харьцуулахад 16 тэрбум байсан, өнөөдөр ийм дүнд хүрсэн. Үүнээс гадна тавилга эд хогшил 268 тэрбум төгрөг болсон, 2024 оны төсвийн зардлаас 2.2 дахин нэмэгдсэн. Өмнө нь 100 гаруй тэрбум байсан гэсэн үг.
Мэдээллийн технологийн үйлчилгээ гэж байгаа төрийн бүх газар мэдээллийн технологийн хэлтэс албадтай. Гэтэл ирэх оны төсөвт мэдээллийн технологийн зардал 70 тэрбум болж орж ирсэн. 2024 оныхоос 3.6 дахин нэмэгдсэн, 20 орчим тэрбум байсан нь ингэж нэмэгдсэн.
Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь мөн өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь энэний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 71 тэрбум байсан байтал 960 тэрбум буюу 1 их наяд болсон.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байгаа, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд үзлэгийн багаж хэрэгсэл,дутуу, бээлий байдаггүй гэдэг ноцтой зүйл яригдаж байсан. Гэтэл
энэ зардлууд хотод тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагуудын зардал эзэлж байгаа. Яам, тамгын газрын зардал гэсэн үг. Ирэх жилийн төсөвт орон нутагт нэг ч шинэ зардал тавилга тоног төхөөрөмж, сургууль, эмнэлгийн барилга тусгагдаагүй хэрнээ төвдөө ийм зардал тусгасан нь шударга бус.
0 cэтгэгдэлтэй