Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын хооронд болдог “Торгоны зам” олон улсын авто уралдаан ирэх 7 сард болно. Тус уралдааныг зохион байгуулагч ОХУ-ын тамирчид манай улсад ирж уралдаан болох газруудын судалгаа хийж явна.
“Торгоны зам-2024” авто ралли төслийн удирдагч Виктор Соколов хэлэхдээ, “Манай уралдааныг 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оноос Монгол Улс хамтран оролцож байна.
Энэ удаагийн уралдаан 2024 оны долоодугаар сарын 5-нд ОХУ-ын Томск хотоос гараагаа эхэлж, долоодугаар сарын 15-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо барианд орно. Монгол Улсын нутаг дэвсгэрт болох авто раллигийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд болон БОАЖ-ын сайдтай өнөөдөр уулзсан. Хамтран зохион байгуулахад Монгол Улсын төр, засаг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, хамтарсан ажлын хэсэг байгуулж ажилдаа ороод байгаад баяртай байна” гэв.
Мөн тус уралдааныг сурвалжлахаар 25 орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирж дагалдах бөгөөд тэд уралдааныг шууд болон шууд бус байдлаар олон улсад цацаж, Монгол сайхан орныг дэлхийд таниулан сурталчилна гэв.
“Торгоны зам-2024” авто раллид Монгол Улс, ОХУ, БНХАУ, Европын орнууд гэсэн 20 гаруй улсын 100 баг, бүрэлдэхүүн оролцох бөгөөд манай улсын Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн газар нутгийг хамран зохион байгуулах талаар мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй