Монголын анхны холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24“ уралдаан эхлэхэд бэлэн боллоо

tsenzuurmn 2024-05-7

“Монголын морин тойруулгын клуб” ХХК-ийн санаачилгаар холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24” уралдаан энэ 5 дугаар сарын 11, 12 буюу бямба, ням гарагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болох гэж байна. Тус уралдаан  монгол, сонгомол төрлөөр болох юм. Сонгомол төрөлд шүдлэн, дунд нас, дээд нас уралдах бол монгол төрөлд хязаалан, соёолон, их морьд уралдана. Зургаан насны ангилалд тус бүр түрүүлж бүртгүүлсэн 40 адуу, нийтдээ 240 адуу уралдах тов гарчээ.

“Hipay Cup 24” уралдаанд 12-оос дээш насны унаач хүүхдүүд уралдах бөгөөд хамгаалалтын каск малгай, эмээлтэй байна. Уралдаанд оролцох хүүхдүүдэд Монгол даатгалтай хамтарч 60 сая төгрөг хүртэлх нөхөн олговортой даатгалын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Мөн уралдах хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулах аж.

Уралдааны бай шагнал ч өндөр байх юм. Зохион байгуулагчдын хувьд сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд тус бүр 40 сая төгрөг, мөн тус бүр Prius 30 автомашинаар байлна.  Сонгомол дээд, монгол их морь, монгол соёолон, монгол хязаалан насны байг “Hipay” болон “Монголын Морин Тойруулгын Клуб” хамтран ивээн тэтгэж байгаа бол сонгомол дунд насны байг Монгол Улсын Тод Манлай Уяач Б.Далай, сонгомол  шүдлэн насны уралдааныг “EFES CUP” групийн захирал О.Мөнхбат ивээн тэтгэж байна.

Их морь, соёолон, хязаалангийн түрүү магнай тус бүр 40 сая төгрөг, 2023 онд үйлдвэрлэгдсэн Foton ачааны машинаар байлна. Тодруулбал, зургаан насанд нийтдээ 240 сая төгрөг, 3 приус, 3 Foton ачааны машин бэлэглэх юм байна.  Морин уралдааны бүртгэлийн хураамж нь 1 сая төгрөг бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулна. Зохион байгуулагчид  нэг ч төгрөгийн хураамж, шимтгэл авахгүй юм.

“Монголын морин тойруулгын клуб” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 240 га газар дуудлага худалдаагаар авч, 4.8 км-ын урттай морин тойруулгыг барьж, анхны уралдаанаа эхлүүлэхээр бэлтгэж ажлаа ийнхүү хангаад байна. Одоогоор 5000 үзэгчийн суудал бэлтгэсэн бөгөөд байгальд ээлтэй зөөврийн ариун цэврийн байгууламжуудыг суурилуулсан. Мөн 20 орчим хоол, зоогийн газар,  кофе шопын худалдаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээтэй байна. Монголчууд анх удаа морин тойруулгын уралдааныг дэргэдээс нь тухлан үзэх боломжтой боллоо.

Монголын анхны холын зайн “Hipay cup 24” морин уралдааныг 5 дугаар сарын 11, 12-нд “Сүлд” телевиз шууд дамжуулна.

Мөн тус уралдааны урьтач болгон энэ лхагва буюу 5 дугаар сарын 8-нд “UB CUP 24” шүдлэн байдас, үрээний уралдааныг тус морин тойруулга дээр  зохион байгуулахаар болжээ.